МУИС-ийн Хүндэт профессор А.Мөнгөнцэцэг агсны нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслол боллоо

Share Button

Монгол Улсын Гавьяат багш, МУИС-ийн хүндэт профессор, Химийн ухааны доктор Алтанбаярын Мөнгөнцэцэгийн нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа 2022 оны 12 сарын 14-ний өдөр МУИС-ийн Эрдмийн дугуй танхимд гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн тэтгэлгийн эздээр Хими хөтөлбөрийн 4-р дамжааны оюутан П.Манлайбаатар, 3-р дамжааны Б.Халиун, 2-р дамжааны Г.Эрмүүн болон магистрын оюутан Б.Хулан нар шалгарлаа. Оюутан П. Манлайбаатар нь сурлагын үзүүлэлт, судалгааны ажлаараа бусдаасаа тэргүүлэн энэхүү тэтгэлгийг гурав дахь удаагаа хүртэж байна.  


Профессор А.Мөнгөнцэцэгийн нэрэмжит тэтгэлэг нь Шинжлэх Ухааны Сургуулийн ХИМИ, ХИМИЙН БАГШ хөтөлбөрөөр суралцагч бакалавр, магистрын оюутнуудын сурч боловсрох, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, урамшуулах зорилготой. 

Профессор А.Мөнгөнцэцэг нь МУИС-ийн химийн салбарын анхны төгсөгч, аналитик химийн анхны үндэсний эмэгтэй багш юм. А.Мөнгөнцэцэг багш нь аналитик хими, гидрохими, хроматографийн хичээлүүдийг он удаан жил зааж шавь сургалт бий болгожээ. Тэрээр Монгол орны цэнгэг усны гол нөөц болох Хөвсгөл нуур, Сэлэнгэ мөрөн, Орхон, Туул, Хэрлэн голууд болон тэдгээрийн цутгал голуудын усны химийн найрлагыг улирал сараар горимлон судалсан шинжилгээний дүнг ашиглан усны кальцийн карбонатын тэнцвэр, ионы урсац, химийн денудац зэргийг тооцоолон бодсон нь цаашдын судалгаанд харьцуулах эталон материал болж өгсөн юм.   

Тэтгэлгийн үеэр Парисын Сорбоннын Их Сургуулийн магистрант ач охин О.Халиун, Женевын Их сургуулийн магистрант зээ охин С.Саран нар тэтгэлэг хүртэж буй оюутнуудад мэндчилгээ дэвшүүллээ. МУИС-ийн Химийн салбарын төгсөгчдийн холбоо Профессор А.Мөнгөнцэцэг багшийн охин Ц.Одонгуа, Ц.Содхүү нарт хүндэтгэл үзүүлэв. 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар