МУИС-ийн ОУХНУС-ийн Хүндэт төгсөгч, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг оюутнуудад лекц уншлаа 

Share Button

2023 оны 4 сарын 24-нд ОУХНУС-ийн “Хүндэт төгсөгчийн индэр”-ийн анхны зочин Монгол улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Монгол улсын гадаад бодлого, дипломат ажиллагаа” сэдвээр оюутан залууст лекц уншлаа. 

МУИС-ийн захирал Д.Бадарч арга хэмжээг нээж үг хэлэхдээ сүүлийн гуч гаруй жилд МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль үндэсний түвшинд танигдаж, эх орныхоо хөгжил дэвшилд 4000 гаруй төгсөгчид нь мэдлэг, чадвар, манлайллаараа бодит хувь нэмэр оруулж буйн тод илрэл нь 1996 оны МУИС-ийн Олон Улсын Харилцааны дээд сургуулийн төгсөгч, Монгол улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг болохыг онцлов.  

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өөрийн илтгэлдээ өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаан дах манай улсын гадаад бодлогын ололт амжилт болон цар тахлын сөрөг нөлөө, олон улсын нөхцөл байдал ээдрээтэй, геополитикийн зөрчил хурцдаж, хориг арга хэмжээ даамжирч буй энэ эгзэгтэй үед Монгол Улсын гадаад харилцаандаа баримталж буй бодлого чиглэл, хийж хэрэгжүүлж буй ажил, олон улсын харилцаа, хамтын ажиллагаатай холбоотой асуудлыг тоймлон танилцуулсан.  

ОУХНУС-ийн захирал Ж.Баттогтох Хүндэт төгсөгч Б.Батцэцэгт төрөлх сургуулийнхаа урилгыг хүлээн авч, оюутан залууст сонирхолтой лекц уншиж, үнэтэй сургаал зөвлөмж өгсөнд талархлаа илэрхийллээ.  

ОУХНУС эрхэм зорилгынхоо хүрээнд цаашид Төгсөгчдийн холбоотой хамтран салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, нийгэмд мэдлэг, ур чадвар, хандлагаараа манлайлагч, сургуулийнхаа бахархал болсон шилдэг төгсөгчийг жилд нэг удаа алдаршуулах “Хүндэт төгсөгчийн индэр” арга хэмжээг зохион байгуулж, оюутан залууст урилгаар лекц уншуулж үйл ажиллагааг тогтмолжуулах юм. 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар