Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж буй БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дудад Монгол Улс болон БНПУ-ын хоорондын найрамдалт харилцааг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн МУИС-ийн Хүндэт доктор цол олгож хүндэтгэл үзүүллээ.
Хүндэт доктор цол олгоход зориулсан МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн хүндэтгэлийн хуралдаан 2023 оны 4 дүгээр сарын 26-ын өдөр болов. Хүндэт цолны өргөмжлөл, гэрэгэг гардуулан баяр хүргэж үг хэлэхдээ МУИС-ийн захирал, профессор Д.Бадарч ноён ерөнхийлөгч Анджей Дуда хоёр орны найрамдалт харилцааг хөгжүүлэхэд гүүр болж, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд онцгойлон анхаарч, Монгол Улсын ирээдүй болсон оюутан залуусыг дэмжин, санаачилгатай ажиллаж ирсэнийг онцлон тэмдэглэв.
БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда хүндэт цол хүртээсэн МУИС-ийн Эрдмийн зөвлөл, хамт олонд талархалаа илэрхийлж, Монгол-Польшийн хамтын ажиллагаа болон олон улсын харилцааны асуудлаар хүндэтгэлийн лекц уншив. Түүнчлэн МУИС-ийн Бизнесийн сургууль болон Лодзийн их сургуультай хамтарсан 2+2 бакалаврын хөтөлбөрийн I түвшний оюутан Б.Сарангэрэл, Шинжлэх ухааны сургуулийн багш, нийгмийн ухааны хөтөлбөрийн IV түвшний оюутан О.Жавхлантөгс нарт нэрэмжит шагналаа гардуулсан юм.
МУИС-ийн Эрдмийн зөвлөл