Монгол Улсын Их Сургуулийн Газарзүйн тэнхим, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба хамтран 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль батлагдан хэрэгжиж эхэлсний 20 жилийн ой, 13 дахь жилдээ уламжлал болгон тэмдэглэж буй “Газрын харилцааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан “Газрын харилцааны тулгамдсан асуудал ба газар өмчлөл 20” сэдэвт онол практикийн бага хурал зохион байгууллаа.
Энэхүү онол практикийн бага хуралд Монгол улсын их сургууль, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон газрын харилцааны салбарын төрийн бус байгууллага, их, дээд сургууль, салбарын судлаачдын төлөөллүүд нийлсэн 150 гаруй хүн оролцжээ. Хуралд дараах судлаачид судалгааны ажлаа танилцуулав. Үүнд:
- Ж.Батсайхан/Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга/ – Газрын харилцааны салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага
- Б.Отгонгэрэл/НГЗБА-ны Газар өмчлөлийн хэлтсийн дарга/ – Нийслэл Улаанбаатар хотын газар өмчлөлд тулгамдаж буй асуудлууд
- Э.Чагнаадорж/Дундговь аймгийн ГХБХБГ-ын дарга/ – Газрын харилцааны чиглэлээр орон нутагт тулгамдаж буй асуудлууд
- З.Мөнхзаяа/Сэлэнгэ аймгийн Ерөө сумын газрын даамал/ – Хөдөө аж ахуйн гарын харилцааны асуудлууд
- Р.Ганхуяг/МУ-ын Зөвлөх инженер/ – Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлсэн нь
- Б.Галмандах/Монголын Кадастрын холбооны тэргүүн/ – Хаягжуулалтын олон улсын туршлага
- Г.Гантулга/МУИС-ийн Газарзүйн тэнхимийн багш, доктор, дэд профессор/ – Газар өмчлөл 20 жил
Хуралд оролцогчдын зүгээс газрын харилцааны салбарын хүний нөөцийн хомсдолтой байгаа асуудлыг их, дээд сургуулиудтай хамтран шийдвэрлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, газрын нэгдмэл сангийн тооллого бүртгэлийг сайжруулах, цахим шилжилтийг эрчимжүүлэх, газар өмчлүүлсний ололттой болон дутагдалтай талууд зэрэг олон чухал асуудлуудыг улс, нийслэл, аймаг, сумдын түвшинд дэвшүүлэн хэлэлцэж, санал солилцлоо.