МУИС, БС-ийн Менежментийн тэнхимээс 2023 оны 4 сарын 29-нд “Мэдлэгийн менежмент”-ын улсын VIII олимпиадыг зохион байгууллаа.
Тус тэнхимийн багш М.Халиунбат олон улсын бизнесийн сургуулиудад хэрэглэгддэг BSG стратегийн платформыг 2006 оноос “Стратегийн менежмент” хичээлийн хүрээнд ашиглаж эхэлсэн. Бизнесийн бодит орчинг төлөөлүүлэн загварчилсан симуляц дээр оюутнууд өөрсдийн онолын мэдлэгээ ашиглан өгөгдлийн шинжилгээ хийж, стратегийн шийдвэрүүдийг гаргаж, түүнийгээ хэрэгжүүлж хоорондоо өрсөлддөг. Тус тоглоом нь стратегийн менежмент хичээлийн хамтлагын сургалтын нэг чухал хэсэг болон нэгэнт төлөвшсөн байна. Мөн бизнесийн байгууллагуудад ч уг тоглоомыг хэрхэн тоглохыг зааж, уралдаан тэмцээн зохион байгуулж ирсэн.
BSG стратегийн платформд суурилсан улсын олимпиадыг бизнесийн удирдлагын хөтөлбөр хэрэгжүүлдэг их дээд сургуулиудын дунд зохион байгуулах санаачлагыг тухайн үеийн тэнхимийн эрхлэгч Ч.Ундрам, багш М.Халиунбат нар гарган “Мэдлэгийн менежмент”-ын анхны олимпиадыг 2012 онд зохион байгуулж байснаас хойш бүтэн арван өнгөрчээ. Энэ хугацаанд Ч.Ундрам, С.Санасэр, Н.Сонинтамир, Ш.Энхтуул багш нар оюутнуудаа бэлтгэн амжилттай оролцож ирлээ. Жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн энэхүү олимпиад ковидын хөл хороотой жилүүдэд завсарлан энэ жил 8 дахь удаагаа болж өнгөрлөө.
Энэ жилийн олимпиадад Шинжлэх ухаан технологийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Этүгэн их сургууль, Глобал удирдагч их сургууль, МУИС-ийн Бизнесийн сургууль гэсэн 7 сургуулийн бакалаврын түвшний оюутнууд оролцсноос:
- Тэргүүн байр: Хүмүүнлэгийн ухааны их сургууль (багш Б.Хишигтогтох)
- Дэд байр: МУИС-Бизнесийн сургууль (багш Ө.Зулбаяр)
- Гутгаар байр: Санхүү, эдийн засгийн сургууль (багш Ж.Хүнболд) тус тус шалгарав.
Бизнесийг удирдах стратегийн шийдвэр гаргахтай холбоотой мэдлэгийг ашиглах, ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн уг олимпиадын үнэлгээг ямар нэгэн хувь хүний шүүлтээр биш, харин программ өөрөө автоматаар гаргадаг давуу талтай.
Арван жилийн ой дээрээ зохион байгуулагдаж байгаа VIII олимпиадад өмнө оролцож байсан үе, үеийн удирдагч багш нар, оюутнууд уригдаж оролцлоо. Тэд өнөөдөр Монгол Улсын шилдэг компаниудад удирдлагын түвшинд амжилттай ажиллаж, салбар бүртээ манлайлж байгаа нь “Мэдлэгийн менежмент” улсын олимпиадын ач холбогдол, үр дүнг өндөрсгөж байна.