ОХУ-ын МГИМО (Университет)-ын Олон улсын орон зайн дүн шинжилгээний төвийн дарга, профессор И.Ю.Окунев, Л.С.Жирнова нар ОУХНУС-д зочин профессороор ажиллаж, МУИС-ийн багш нар, ШУА-ийн судлаачид хамрагдсан орон зайн дүн шинжилгээний арга зүйн хоёр өдрийн сургалтыг удирдаж, амжилттай оролцогчдод МГИМО-ийн мэргэжил дээшлүүлэх сургалтын сертификат гардуулав.
Профессор И.Ю.Окунев 5 сарын 2-4-ий өдрүүдэд МУИС-ийн суралцагчид, багш, судлаачдад нээлттэй цуврал лекц уншсан бөгөөд тухайлбал, МУИС-ийн Нийгмийн газарзүй хичээлийг судалж буй ерөнхий суурь хөтөлбөрийн оюутнуудад зориулан “Улстөрийн газарзүй: Орон зайн өгөгдөл хэрхэн улс төрийн үйл явцад нөлөөлдөг тухай”, олон улсын харилцаа хөтөлбөрийн оюутнуудад “Олон үндэстний холбоот улс ОХУ-ын бүс нутгийн газарзүй ба бодлого”, ахисан түвшний суралцагчид, багш судлаачдад “Глобал бодлогын орон зайн асуудлууд АНУ-ын гадаад бодлогын жишээн дээр”, “ОХУ-ын геополитик” сэдвүүдээр сонирхолтой лекцүүд уншлаа. Лекцэнд 268 суралцагч хамрагдсан байна.
Профессор Р.Ринчинбазар, В.Батцэнгэл нарын ахалсан МУИС-ийн багш нарын баг И.Ю.Окуневийн “Улстөрийн газар зүй” сурах бичгийг 2022 онд, “Улстөрийн газар зүй. Практикум” дасгал ажлын номыг 2023 онд монгол хэлээр хэвлүүлээд байна.