МУИС-ийн Орчуулагч, хэлмэрчийн мэргэшлийн үнэлгээний төвөөс зохион байгуулж, МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Гадаад хэлний орчуулга хөтөлбөр, Орчуулгазүй сэтгүүлийн зөвлөлөөс дэмжсэн Орчуулгын анхдугаар дугуйлан 2023 оны 5 сарын 12-ны өдөр МУИС-ийн Багш, Оюутны хөгжлийн төвийн хурлын шинэ танхимд болж өнгөрлөө.
Дугуйланд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким, М.Чимэдцэеэ, орчуулга судлаач, нэрт орчуулагч Л.Маналжав, Ц.Магсар, Д.Бүрнээ, А.Цэрэнчулуун нарын зэрэг манай улсын урьдаа барьдаг орчуулагч, судлаач нар уригдан оролцлоо. Энэ удаагийн дугуйлан “Ахмадын үг алт” сэдэвтэй болж, дараагийн дугуйлангуудыг тодорхой зохион байгуулалт, сэдвийн дор хийж байхаар бүгд санал нэгдэж, дугуйлангийн үйл ажиллагаа нь олон нийт, оюутан залууст чиглэсэн байх нь зүйтэй талаар хэлэлцэж тохиров.
Энэхүү дугуйлан Монгол Улсын орчуулгын түүхэн дэх анхны дугуйлан биш бөгөөд 1960, 70, 80-аад онд энэ төрлийн дугуйлан, уулзалт, мэтгэлцээн олноор болдог байсан тухай ахмад орчуулагч нар дурссан байдаг юм. Тиймээс МУИС-ийн ШУС-ийн дэргэдэх тус төв “Орчуулгын дугуйлан”-г дахин ийнхүү сэргээн эхлүүлж байна.