МУИС-ийн дэргэдэх Улаанбаатар-2 Сэжун институтээс МУИС-ийн ШУС-тай хамтран хичээлийн II байрны 131Б тоот танхимыг “Аудио-визуал өрөө” болгон тохижуулж, 2023 оны 5-р дугаар сарын 31-ний өдөр нээлтээ хийлээ. Тохижуулалтаар танхимын дотоод засал хийж, ширээ сандал, ухаалаг дэлгэц, таблет, чихэвч зэргийг суурилуулсан бөгөөд боловсролын цахим шилжилтэнд нийцэхүйц ухаалаг танхимтай болсноор танхим-цахим хосолсон сургалт явуулах, бага хэмжээний видео хурал хийх, багш оюутан бие даан ажиллах боломжийг бүрдүүлсэн аж.
Тус өрөөний нээлтийн арга хэмжээнд ШУС-ийн захирал Д.Заяабаатар, “Улаанбаатар 2 Сэжун институт”-ийн захирал Д.Сайнбилэгт, МУИС-ийн орон нутаг дахь салбар сургуулийн захирлууд болон ШУС-ийн тэнхимийн эрхлэгчид оролцлоо.
Нээлтийн арга хэмжээний үеэр, МУИС-ийн ШУС-ийн захирал Д.Заяабаатар, оюутан залуусын хэл сурах боломжийг өргөжүүлсэн орчин үеийн техник, технологитой танхимыг нээж буй “Улаанбаатар 2 Сэжун институт”-ийн хамт олонд талархал илэрхийлээд, тус өрөөг цаашид хэлний сургалт болон орон нутаг дахь МУИС-ийн салбар сургуулиудын ахисан түвшний суралцагчдад зориулсан танхим-цахим хосолсон сургалт явуулахад ашиглана хэмээв.
МУИС-ийн Ази судлалын тэнхимийн профессор, “Улаанбаатар 2 Сэжун институт”-ийн захирал, “Энэхүү өрөөнд 10 орчим хүнтэй сургалт явуулж болохоос гадна багш, оюутан бие даан сонсох, унших, үзэх, бичих зэргээр хичээл давтах, бэлдэхийн сацуу бага хэмжээнд алсын зайны видео хурал хийх боломжтойг онцлов.
Танхимын ширээ бүрт таблет байх ба энэ нь оюутан багштайгаа шууд холбогдох боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ хамгийн сүүлийн үеийн ухаалаг дэлгэцээр заасан хичээлийг оюутнууд QR код уншуулан хүлээн авах, илгээх, хадгалж авч болно. Цаашид цахим технологид суурилсан сургалтын технологийн өөрчлөлтөнд зохих хувь нэмэр оруулах зорилгоор тус өрөөний ашиглалтанд анхаарч ажиллахаа холбогдох хүмүүс илэрхийлэв.