МУИС-ийн захирал Д.Бадарч Олон улсын Монгол судлалын холбоо (ОУМСХ)-ны Ерөнхийлөгч хатагтай проф. Юки Коногаяаг тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Заяабаатарын хамт өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд доктор, профессор Д.Бадарч хатагтай Юки Коногаяад ОУМСХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. Тэрбээр үргэлжлүүлэн монгол судлал нь судалгааны тэргүүлэх чиглэл гэдгийг онцлоод цаашдаа энэ талыг хөгжүүлэх хариуцлагатай ажилд хамтран ажиллахдаа баяртай байх болно гэдгээ илэрхийллээ. Проф. Юки Коногая хариу талархал илэрхийлээд монгол судлалыг хөгжүүлэхэд их сургуулийн үүрэг оролцоо чухал гэдгийг дурдсан ба анх Монголд хөл тавьж байсан тухайгаа дурсан ярьлаа. Уулзалтын үеэр талууд ОУМСХ-ны бүтэц, зохион байгуулалт цаашдын төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцлоо. Японы монголч эрдэмтэн Конагая Юүки 2013 онд Монгол Улсын “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” цол, тэмдгийг 2013 онд Японы Осака хотод гардан авсан бөгөөд манай оронд суралцсан анхны япон эмэгтэй, монгол судлалд амьдралынхаа дөч шахам жилийг зориулсан эрдэмтэн хүн юм. Японы эзэн хааны шагналын эзэн Конагая Юки нь анх 1979 онд Монгол Улсад хөл тавьж, монгол хэлд шамдан суралцсанаар Монголыг судлах эрдмийн гараа нь эхэлжээ. Монгол ахуй, нүүдэлчдийн соёл иргэншил, монгол угсаатны онцлог, монгол уламжлалыг тасралтгүй судалж олон арван бүтээл туурвисан байна. (Эх сурвалж: https://gogo.mn/r/122398 )