“Монгол Улсын Их Сургуулийн Геологи-Геофизикийн тэнхим болон БНСУ-ын Солонгосын Суурь Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн (KBSI) Геохронологи ба изотопын шинжилгээ, судалгааны төвийн хоорондох хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах” ёслолын үйл ажиллагаа МУИС-ийн хичээлийн I байрны 320 тоотод 2023 оны есдүгээр сарын 20-ний өдөр боллоо.
Тус санамж бичгийг байгуулахаар БНСУ-ын Солонгосын Суурь Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн (KBSI) Геохронологи ба изотопын шинжилгээ, судалгааны төвийн Захирал доктор Жон Сонүг болон тус төвийн ахлах судлаач Ёонмин Ким нарын төлөөлөгчид монголд зочилж, МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Геологи– Геофизикийн тэнхимийн эрхлэгч профессор Ц.Баатарчулуун, Солонгосын Суурь Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн (KBSI) Геохронологи ба изотопын шинжилгээ, судалгааны төвийн Захирал доктор Жон Сонүг нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны хүрээнд талууд Монгол оронд тархсан чулуулгийн нас тодорхойлох цацраг идэвхт изотопын судалгаа болон ашигт малтмалыг ордуудын гарал үүслийг тодорхойлох тогтвортой изотопын судалгаа, критикал металлын ашигт малтмалын ордуудын геологи, геохимийн судалгаа, критикал металлын ашигт малтмалын ордуудын хайгуул, ашиглалт, гүний усны судалгаа болон үүгээр хязгаарлагдахгүй олон төрлийн үйл ажиллагаа, чиглэлээр судалгаануудыг хамтран хийж, хамтын судалгааны төслүүдээр Геошинжлэх ухааны ба Хүрээлэн буй орчны шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллахаар тогтов.
Цаашид хамтарсан судалгааг идэвхжүүлэхийн тулд хурал зохион байгуулах, хамтарсан сургалтын хөтөлбөр боловсруулах, боловсон хүчний болон материаллаг эд зүйлсийн харилцан хамтын ажиллагааг улам өргөжүүлж, шинжилгээний өндөр түвшний дэвшилтэт тоног төхөөрөмжүүдийг ашиглах боломжийг бүрдүүлэх зорилгоор шинжлэх ухааны шинжилгээ, судалгааны хөгжүүлэлт болон боловсролын хамтын ажиллагааны чиглэлээр хамтран ажиллана.
Суурь Шинжлэх Ухааны Хүрээлэн бол БНСУ-ын Засгийн Газрын харьяа байгууллага бөгөөд нээлттэй шинжлэх ухааны судалгааны платформыг хөгжүүлэх зорилготойгоор олон улсын судалгааны байгууллагуудтай хамтран ажиллаж дэлхийн хэмжээний шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний ажлыг хамгийн сүүлийн үеийн, өндөр түвшний дэвшилтэт, багаж, тоног төхөөрөмжийг ашиглан Геошинжлэх ухааны болон Хүрээлэн буй орчны шинжлэх ухааны салбарыг тэргүүлэн ажилладаг дэлхийн топ хүрээлэнгүүдийн нэг юм.