“ТЭСО” группээс жил бүр зохион байгуулдаг оюутнуудын ур чадварыг хөгжүүлж, ирээдүйн манлайлагч залуучуудыг мэдлэг, чадвараар нь дэмжих зорилготой “Spark day” төслийн уралдаанд МУИС-ийн Бизнесийн сургуулийн Маркетингийн хөтөлбөрийн оюутан Б.Пүрэвсүрэн, Б.Сумъяабазар нарын “NUM” баг хаягдал хувцас дахин боловсруулж, барилгын дулаалгын материал үйлдвэрлэх “Reclothes” төслөөр оролцон шалгарч тэргүүн байр эзэлсэн юм.
Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 3, 4-р курсын оюутнуудын дунд нээлттэй зарласан тус тэмцээнд бүртгүүлсэн 44 багаас эхний шатанд 12 баг шалгарчээ. Эдгээр багуудаас шүүгчдийн үнэлгээгээр хамгийн өндөр оноо авч, 2023 оны зургаадугаар сард Бизнес аяллын эрхийн бичиг гардан авсан бөгөөд ийнхүү аялалдаа амжилттай яваад ирлээ.
Оролцогчид ментор, Маркетинг, Худалдааны тэнхимийн ахлах багш Ч.Батбаатарын хамт Бүгд Найрамдах Казакстан Улс руу аялан “Astana Hub”-д зочилж, аравдугаар сарын 12, 13-нд болсон “Global Bridge 2023” арга хэмжээнд оролцжээ. “Global Bridge” нь 2018 оноос хойш жил бүр Астанад зохион байгуулдаг Төв Азийн шилдэг гарааны бизнес, технологийн компаниуд, хөрөнгө оруулагчид хуран чуулдаг олон улсын технологийн хамгийн том форум арга хэмжээ юм.
Тэмцээнийг амжилттай зохион байгуулсан Тэсо группын хамт олонд талархснаа илэрхийлж, дараа жилийн тэмцээнд оролцох багуудад амжилт хүсье.