Азийн бүсийн оюутны программчлалын 47 дугаар олимпиад 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Макаод боллоо. Тус олимпиадад Монгол Улсаас МУИС-ийн нэгдүгээр баг болох МУИС, МТЭС-ийн багш Г.Багаболд дасгалжуулагчтай оюутан Б.Төрхүү, Д.Чингүүн, Х.Цэлмэг буюу “NUM-TCHT” оролцсон. Тэд 63 их, дээд сургууль, коллежийн 82 багтай программчлалын ур чадвар, оюун ухаанаа сорин өрсөлдөж, мөнгөн медаль хүртлээ.
Тус олимпиадад нийт 92 баг оролцсон бөгөөд албан ёсны 82 багийн дунд шалгаруулалтыг явуулж, багуудын илгээсэн бодолтыг өндөр хяналтын доор 11 дүгээр сарын 20-24-ний хооронд шалгаж, баталгаажуулжээ. Орчин үед техник, технологи өндөр хэмжээнд хүрсэн тул програмчлалын олимпиадын үйл ажиллагааг камерын бичлэг, дэлгэцийн бичлэг, бодолтын эх кодуудыг нарийвчлан шалгах замаар зохион байгуулдаг болсон нь сүүлийн үеийн олимпиадаас ажиглагдаж байна. Мөн манай Г.Багаболд дасгалжуулагчтай “NUM-JBKH” баг 2023 оны нэгдүгээр сард Хонгконгд болсон Азийн бүсийн 46-р олимпиадаас мөнгөн медаль хүртээд байсан ба нэг онд МУИС-ийн хоёр баг мөнгөн медаль хүртсэн амжилтыг үзүүллээ.