Эрдэмтэн Г.Очирын нэрэмжит тэтгэлгийн эзэд тодорлоо

Share Button

Шинжлэх ухааны эрдэмтэн судлаач Гончиг овогтой Очирын нэрэмжит “Залуу оюутан судлаачдыг дэмжих тэтгэлэг”-ийг түүний гэр бүл, үр хүүхдүүдийн зүгээс санаачлан 2020 оноос эхлэн дөрөв дэх жилдээ олгож байна. МУИС-ийн Захирлын А/597 тоот тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг нийт материалаа ирүүлсэн магистр, докторын түвшний суралцагчдыг найман шалгуур үзүүлэлтээр дүгнэхэд хамгийн өндөр оноог ШУС-ийн Хими хөтөлбөрийн докторын түвшний суралцагч Гантөмөр овогтой Энхжаргал, магистрын түвшний суралцагч Бямбажав овогтой Гантулга нар авч “Эрдэмтэн Г.Очирын нэрэмжит залуу оюутан судлаачдыг дэмжих тэтгэлэг-2023”-ын эзнээр тодорлоо.

Тэтгэлгийг МУИС-ийн Оюутны хөгжил эрхэлсэн захирал Г.Галбаяр, Оюутны хөгжил, бодлогын газрын дарга В.Дашдаваа, Оюутны хөгжлийн төвийн эрхлэгч М.Эрдэнэчимэг, Эрдэмтэн Г.Очирын гэргий З.Цэрэннадмид, түүний охин О.Дэлгэрмаа болон хүргэн хүү Д.Дэлгэрцоо нар гардуулав.

Тус тэтгэлгийн зорилго нь химийн шинжлэх ухаан болон байгаль хамгаалал-хүрээлэн буй орчны салбарт идэвхтэй сурч, судалгаа хийж буй МУИС-ийн магистрант, докторын түвшний суралцагчийн судалгааны ажлыг дэмжих, ирээдүйн шинжлэх ухааны чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд хувь нэмрээ оруулахад оршино. Тэтгэлгийн онцлог нь сурлага, судалгаа, гадаад хэлний мэдлэгийг чухалчлах бөгөөд тухайн суралцагч өмнө нь өөр тэтгэлэг авсан буюу тэтгэлгийг давхардуулж олгодгоороо онцлогтой юм.

Цаашид тус тэтгэлгийг жил бүрийн аравдугаар сард зарлаж, эрдэмтэн, судлаач Г.Очирын төрсөн өдөр буюу жил бүрийн 12 дугаар сарын 22-ны өдөр уламжлал болгон гардуулахаар боллоо.

Тэтгэлэгт шалгарсан суралцагчдад хандан, эрдэмтэн Г.Очирын гэргий З.Цэрэннадмид цаашдын эрдмийн ажилд нь амжилт хүсэн үнэтэй зөвлөгөө өгч ерөөлийн үг хэллээ.

Тэтгэлэг хүртсэн судлаачид, эрдэмтэн судлаач Г.Очирын нэрэмжит тэтгэлгийг санаачлан хэрэгжүүлж буй түүний гэр бүлийхэнд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлэн цаашдын судалгаа шинжилгээ болон өөрийн туршлагын талаар хэлэлцэн яриа өрнүүллээ.

Оюутны хөгжлийн төв

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар