“STEM салбарт суралцаж буй охидыг дэмжих тэтгэлэг”-ийн эзэд тодорлоо

Share Button

Монгол Улсын Их Сургууль болон Women Empowerment Mongolia (WE Mongolia)-ийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу STEM салбар- (шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик)-т суралцах охидыг дэмжих тэтгэлгийн эзэд тодорлоо. Тэтгэлэг гардуулах ёслолыг Багш, оюутны хөгжлийн төвийн 502 тоот танхимд 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулав.    

АНУ-ын STEM салбарт амжилттай ажиллаж буй МУИС-ийн төгсөгч, монгол эмэгтэйчүүдийн үүсгэн байгуулсан “Women Empowerment Mongolia” (WE Mongolia) нь АНУ-ын Виржиниа мужид бүртгэлтэй ашгийн бус эмэгтэйчүүдийн байгууллага юм. Тус байгууллага нь АНУ-ын Вашингтон мужийн Сиатл, Хойд Каролина мужийн Шарлот хотуудад салбартай бөгөөд Улаанбаатар хотод сайн дурын багийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг ажээ. Мэдээлэл, мэдлэг, менторт суурилсан нөлөөллийн хүрээг бэхжүүлэн, охид эмэгтэйчүүдэд STEM-ийн чиглэлээр суралцах боломжийг нээж, охидын манлайллыг дэмжих замаар жендерийн тэгш байдлыг хангахад хувь нэмрээ оруулах зорилготой уг ТББ нь МУИС-ийн инженерчлэл, математикийн хөтөлбөрүүдэд амжилттай суралцаж буй суралцагчдыг сонгож, тэднийг олон талт сургалт, судалгаанд хамруулж, тэтгэлэг олгож ирсэн билээ.

Тэтгэлэгт шалгарсан оюутан тус бүрд нэг сая төгрөгийн сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэхээс гадна, зургаан сарын хугацаанд 80 гаруй цагийн сургалт, уулзалт, арга хэмжээнд хамруулж хувь хүний хөгжлийг олон талаас нь дэмждэгээрээ онцлог юм. Тухайлбал, англи хэлний эрчимжүүлсэн сургалт, “Role Model” онлайн сургалт, ганцаарчилсан көүчинг, мэргэжил таниулах уулзалт, технологийн салбарын эмэгтэйчүүдийн чуулган, охидын манлайлал, баг бүрдүүлэлт, мэргэжлийн ур чадвараа сорих сонирхолтой арга хэмжээнүүдэд оролцох боломжийг бүрдүүлдэг. Мөн багийн гишүүд ахлах ангийн охидод зориулсан зуны сургалтыг зохион байгуулах сургалтад хамрагдаж, тэдэнд сургууль, хөтөлбөрөө сурталчлан таниулах, зөвлөгөө өгөх зэрэг ажилд идэвхийлэн оролцдог билээ. Сургалт, хөтөлбөрт арга хэмжээнд идэвх санаачилгатай оролцсон нэг суралцагчийг шалгаруулж, “Women in Tech”–дэлхийн хөдөлгөөний Ази Номхон Далайн орнуудын шилдэг охидыг шалгаруулах шагналд нэр дэвшүүлж, олон талт үйл ажиллагаанд оролцож өөрийгөө хөгжүүлж, бусдад нөлөөлөл үзүүлэх боломж олгодог. Бүх арга хэмжээнд тасралтгүй оролцож, тодорхой шалгуурыг хангасан оюутнуудын суралцах хэрэгцээнд зөөврийн компьютерыг бэлэглэх зэрэг олон талаар дэмжиж хамтран ажилладаг байна.

2023-2024 оны хичээлийн жилд тэтгэлгийг нээлттэй зарласан хугацаанд STEM чиглэлээр суралцан, мэргэжлээрээ ажиллах  хүсэлтэй, амжилттай суралцаж буй III түвшний эмэгтэй суралцагчид материалаа ирүүлж, “Women Empowerment Mongolia” (WE Mongolia) байгууллага эцсийн шатны сонгон шалгаруулалтыг хийн тэтгэлгийн болзлыг хангасан дараах таван суралцагч тэтгэлгийн эздээр тодорлоо.

Тэтгэлэгт шалгарсан суралцагчдын нэрс:

  • Хөтөлбөрийн оролцогч МУИС-ийн МТЭС-ийн Мэдээллийн технологи хөтөлбөрийн III түвшний суралцагч Т.Мөнгөнцэцэг
  • Хөтөлбөрийн оролцогч МУИС-ийн МТЭС-ийн Мэдээллийн технологи хөтөлбөрийн III түвшний суралцагч Б.Саранзаяа
  • Хөтөлбөрийн оролцогч МУИС-ийн МТЭС-ийн Програм хангамж хөтөлбөрийн III түвшний суралцагч Б.Шүр
  • Хөтөлбөрийн оролцогч МУИС-ийн МТЭС-ийн Мэдээллийн технологи хөтөлбөрийн III түвшний суралцагч Б.Хүслэн
  • Хөтөлбөрийн оролцогч МУИС-ийн МТЭС-ийн Програм хангамж хөтөлбөрийн III түвшний суралцагч Б.Доржнамжаа

Ёслолын үйл ажиллагаанд МУИС-ийн Оюутны хөгжил, бодлогын газрын дарга В.Дашдаваа, Оюутны хөгжлийн төвийн эрхлэгч М.Эрдэнэчимэг, Мэдээлэл, компьютерын ухааны тэнхимийн эрхлэгч, дэд профессор Ч.Алтангэрэл, профессор Н.Оюун-эрдэнэ, “WE Mongolia” ТББ-ын Монгол дахь салбарын зөвлөх П.Хорлоо, тус байгууллагын Монгол дахь салбарын зөвлөх ба СХД-ийн Засаг Даргын Тамгын Газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Энххорол, “WE Mongolia” ТББ-ын Монгол дахь салбарын гүйцэтгэх захирал Б.Оюу-Эрдэнэ, “WE Mongolia” ТББ-ын гишүүн, ерөнхий зохион байгуулагч Ж.Бурмаа, Эмпасофт Технологийн Сургуулийн Ерөнхий Эрдмийн тэнхимийн эрхлэгч Г.Дөлгөөн, тус сургуулийн маркетингийн менежер Ч.Дөлгөөн, Сантис Боловсролын төвийн сургалтын албаны менежер У.Наранцэцэг нар суралцагчдад сурлагын өндөр амжилтыг хүсэн тэтгэлгийн батламжийг гардуулан өглөө.

Хамтрагч байгууллагуудаас STEM салбарт суралцах охидыг дэмжин манлайллын сургалт болон англи хэлний мэдлэг чадвараа ахиулах зэрэг боломжуудыг олгож байгаагаа дуулгасан. Мөн уг арга хэмжээнд оролцогч талуудын төлөөллүүд цаашдын үр өгөөжтэй хамтын ажиллагааны талаар санал бодлоо чөлөөтэй  солилцож, үр дүнтэй хэлэлцүүлгийг зохион байгуулав.

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ,

Women Empowerment Mongolia (WE Mongolia)

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар