МУИС-ийн ректор Д.Бадарч төрийн дээд цол, одон медаль хүртсэн багш нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээсэн ба МУИС-иас ахмад багш П.Зузаан, Т.Жанлав болон Л.Чулуунбаатар нар шагнуулсан билээ. Тухайлбал, МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төвийн салбарын эрхлэгч П.Зузаан болон ШУА-ийн Математик тоон технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Т.Жанлав нь Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртжээ. МУИС-ийн Ахмад Багш Ажилчдын Нэгдсэн Холбооны Удирдах зөвлөлийн дарга, МУИС-ийн багш, Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Л.Чулуунбаатар Монгол Улсын Гавьяат багш цолоор энгэрээ мялаалгасан юм.
Мөн ректор Д.Бадарч Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одон хүртсэн МУИС-ийн Оюутны хөгжлийн төвийн мэргэжилтэн Б.Баярсайхан болон МУИС-ийн ШУС-ийн Гадаад хэлний сургалтын төвийн ахлах багш Б.Ариунтуулд Монгол Улсын Засгийн газрын шагнал, салбарын “Тэргүүний ажилтан” цол тэмдгийг гардууллаа.
Шагнал хүртсэн багш, ажилтнууддаа ажлын өндөр амжилт хүсье.