Ургамлын биотехнологийн лаборатори нээгдлээ

Share Button

Олон улсын Ротари клубын захирал асан Тарио Канногийн хандиваар шинэчлэн тохижуулсан Ургамлын биотехнологийн лабораторийн нээлт өнөөдөр боллоо. МУИС-ийн  Биологи, Биотехнологийн Сургуулийн Биохими-Биоорганик химийн тэнхимийн дэргэд байгуулагдаж буй энэхүү лабораторийн нээлтийн ёслолын ажиллагаанд  Монгол улсын Засгийн газрын тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, МУИС-ийн захирал С.Төмөр-Очир, ББС-ийн захирал Н.Батхүү, профессор Ж.Батхүү,  Тарио Канно тэргүүтэй Япон улсын Ротари Клубын төлөөлөгчид болон  МУИС, ХААИС, ШУА-ийн эрдэмтэн, судлаачид, багш оюутнууд  оролцлоо.

Доктор Ц.Дашийн нэрэмжит Биоорганик хими, Фармакогнозын лабораторийн сууринд шинэчлэгдэн байгуулсан энэхүү шинжилгээний орчинд манай оронд болон гадаад улсуудад ургадаг эмийн болон биологийн эерэг үйлчлэл бүхий олон төрлийн ургамлын хоёрдогч метаболит буюу хамгийн ашигтай агууламжийг биотехнологит суурилан эд, эсийн өсгөврийн аргаар цэврээр нь гарган авах судалгаа хийгдэх юм байна.  Нийт 50 гаруй сая төгрөгийн өртөгөөр тохижуулсан уг лабораторит ургамлын эд эсийн өсгөвөр явуулахад зайлшгүй шаардлагатай CO2 инкубатор, ариун бокс, автоклав зэрэг тоног төхөөрөмжөөс гадна сайн чанарын урвалж бодисуудаар бүрэн хангасан байгаа нь оюутнууд, залуу судлаачид, эрдэмтдийн ажиллах таатай нөхцлийг бүрдүүлжээ.

Монгол улс зөвхөн газрын доорхи баялагт түшиглэх биш, өндөр технологийн аж үйлдвэр, мэдлэгт тулгуурласан эдийн засгийг хөгжүүлэхэд энэхүү лабораторит хийгдсэн судалгааны үр дүнгүүд их хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа энэ үеэр  тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг онцоллоо.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар