МУИС-ийн Жендэр судлалын төв нийслэлийн Баянгол дүүрэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Тус арга хэмжээнд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, дүүргийн ЗДТГ-ын дарга Б.Мөнгөнхуяг, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа, МУИС-ийн Жендэр судлалын төвийн захирал доктор, дэд профессор Ц.Цэцэгжаргал, МУИС-ийн Жендэр судлалын төвийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор П.Түмэнгэрэл, МУИС-ийн Жендэр судлалын төвийн гишүүн Бизнесийн сургуулийн ахлах багш, доктор Ч.Энхболд, Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш, докторант Б.Түвшинтөр нар оролцлоо.
Талууд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Баянгол дүүргийн жендэрийн салбар хорооны 12 гишүүн, 34 дэд салбар хороодод ажиллаж байгаа 170 гаруй албан хаагчдыг чадавхижуулах богино болон дунд хугацааны сургалтад хамруулах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр Баянгол дүүргийн төрийн байгууллагуудаас зохион байгуулж буй үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, мөн жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлтийг дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэхэд хамтарч ажиллана.