МУИС-ийн ББС, Герман улсын Их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын хоорондох биологийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд, талуудын уулзалт, семинар Герман улсад 2013 оны 1-р сарын 24-нөөс 31-ний өдрүүдэд болж өнгөрлөө. Тус арга хэмжээнд ББС-ийн Амьтан судлалын тэнхмийн багш, профессор Р.Самъяа, багш М.Алтанцэцэг, Ургамал судлалын тэнхмийн эрхлэгч дэд профессор Н.Сонинхишиг, доктор Б.Оюунцэцэг, Экологийн тэнхмийн эрхлэгч дэд профессор Б.Болдгив, профессор Мартин Пфайффер, профессор Х.Тэрбиш, МУИС-ийн МДСА-ны мэргэжилтэн Ж.Амарсанаа нар оролцсон байна.
Уулзалт, семинараар: 1. Монгол орны биологийн олон янз байдал, нөөц баялгийн талаар ойрын жилүүдэд явуулах хамтарсан судалгаа, шинжилгээний ажлын чиг хандлага; 2. Биологийн төрөл зүйлийн чиглэлээр бакалаврын дараах түвшний хамтарсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлага, эрэлт хэрэгцээ, нөхцөл боломжийг тус тус хэлэлцэж санал солилцлоо.
Уулзалт, семинарт Монголын талаас дор дурьдсан илтгэлүүдийг тавьж хэлэлцүүллээ. Үүнд:
- Биологийн төрөл зүйлийн чиглэлээр магистрын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх эрэлт хэрэгцээ, шаардлага (Р.Самъяа)
- МУИС-ийн магистрын сургалтын эрх зүйн орчин (Ж.Амарсанаа, М.Алтанцэцэг)
- Сургалтын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлсэн туршлага, үр дүн (Н.Сонинхишиг, Б.Оюунцэцэг)
- МУИС-ийн ББС-д экологи, байгаль хамгааллын чиглэлээр явуулж буй судалгаа, шинжилгээний ажлын үндсэн чиглэл, үр дүн, цаашдын чиг хандлага (Б.Болдгив, Х.Тэрбиш)
Уулзалт семинарын хөтөлбөрийн хүрээнд ББС-ийн профессор, багш нарын баг Герман улсын Берлин хотын Биологийн төрөл зүйлийн судалгааны хүрээлэн, Ургамлын цэцэрлэгт хүрээлэн, Амьтны хүрээлэн, Франкфурт хотын Биологийн олон янз байдлын судалгааны хүрээлэн, Байгалийн түүхийн музей, Биологийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Гөрлиц хотын Зенкенбергийн Байгалийн түүхийн музейн хөхтөн судлал, ургамал судлал, хөрсний амьтан судлалын секторт тус тус зочлон, эдгээр байгууллагын эрдэмтэн, судлаачидтай эрдэм судлалын ажлын үр дүн, ололт амжилт, судалгааны шинжилгээний шинэлэг дэвшилтэт арга зүй, судалгааны орчны талаар харилцан мэдээлэл солилцож, арга туршлагаас нь суралцсан байна..
Улаанбаатар хотноо 2013 оны 6-р сард болох, МУИС-ийн ББС, Германы улсын Их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөгчдийн ээлжит уулзалтаас магистрын сургалтын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтарсан судалгааны ажлыг өргөтгөх асуудлуудаар зохих шийдвэр гарах юм байна.