МУИС-ийн урилгаар БНСУ-ын Ахисан Түвшний Судалгааны Чуй Институт (Сhey Institute for Advanced Studies)-ийн Ерөнхийлөгч ноён Ким Юү Сүк тэргүүтэй төлөөлөгчид 2024 оны дөрөвдүгээр сарын 22-23-ны өдөр МУИС-д айлчилж, “Шинжлэх ухаан, технологийн шинэ сэргэлт: Их сургуулийн оролцоо” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцов.Энэхүү айлчлалын хүрээнд тус институтийн ерөнхийлөгч ноён Ким Юү Сүк болон МУИС-ийн ректор Д.Бадарч нар хоёр байгууллагын хоорондын хамтын ажиллагааны талаар ярилцаж, харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчлэн байгуулж гарын үсэг зурав.
Уулзалтын үеэр тус институтийн санхүүжилтээр МУИС дээр байгуулсан эндаумент сан болох Азийн судалгааны төвийн үйл ажиллагааны тайланг хэлэлцүүлж, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн болон Эндаументын хороог шинэчлэн байгуулав. CIAS санхүүжилт бүхий Азийн судалгааны төв нь МУИС-ийг судалгааны их сургууль болгон олон улсын түвшинд хүргэж хөгжүүлэх зорилтыг биелүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж ирсэн бөгөөд цаашид үйл ажиллагаагаа улам идэвхжүүлэн хамтран ажиллахаар тохиролцов.
Мөн “Шинжлэх ухаан, технологийн шинэ сэргэлт: Их сургуулийн оролцоо” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын нэгдсэн хуралдаанд тус институтийн Удирдах зөвлөлийн гишүүн Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Суурь судалгааны хүрээлэнгийн (Research Institute for Basic Sciences)-ийн захирал профессор И Жун Хо “Universities: how to survive and lead the 4th industrial revolution and AI era” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.
Судалгаа, инновацын бодлогын газар
Азийн судалгааны төв