Дэлхийн их дээд сургуулиудыг эрэмбэлж чансааг тодорхойлоход тухайн их дээд сургуульд суралцаж буй гадаад оюутны тоо чухал үзүүлэлт байдаг. 2023 оны намрын байдлаар МУИС-д нийт мянга орчим гадаад оюутан суралцаж байна. Иймд зарим багш, мэргэжилтэн, оюутнуудын санаачилгаар гадаад болон монгол оюутнуудын харилцан ойлголцол, итгэлцэл, урам зориг, хамтын ажиллагаанд тулгуурласан нэгэн гэр бүл шиг суралцах орчинг бүрдүүлэх зорилготой “One Family” оюутны клуб байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна.
Тус клубийн хаврын улирлын үйл ажиллагааны хүрээнд “Зочны яриа” цуврал лекцээр гадаад оюутнуудад Шинжлэх ухааны сургуулийн Ахлах багш Ч.Баттулга “Монгол үндэсний хувцасны соёл: дээл” сэдвээр яриа өрнүүлсэн бол дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Биологич, амьтан судлаач Н.Батсайхан багш “Mongolian cultural code: Symbol & System” сэдвээр Монголын өргөн уудам нутагт хүн, амьтан, жигүүртэн, ургамал хэрхэн байгаль эх дэлхий, өөр хоорондоо зохицолд амьдардаг талаарх лекц уншсан юм.
Клубийн гишүүд чөлөөт цагаараа монгол тоглоом сурах, явган аялал хийх, музей үзэх зэрэг бүтээлч уулзалтуудыг тогтмол хийж байна.
Тус клубийн зорилтот үйл ажиллагааны хүрээнд багтсан Гадаад оюутнуудын дундах эрдэм шинжилгээний хурал, Монгол орны талаарх цуврал лекц, Үүргэвчтэй аялал арга хэмжээнүүдийг хаврын улиралд хийхээр төлөвлөөд байна.