“Олон улсын соёлын өдөрлөг”-ийг зохион байгуулав

Share Button

МУИС-д суралцаж буй Монгол, гадаад оюутнуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, өөр бусад орны зан, заншил, соёлтын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, бусад орны соёлд харилцан хүндэтгэлтэй хандах, танилцан нөхөрлөх орон зайг бий болгох зорилготой “Олон улсын соёлын өдөрлөг” боллоо. Арга хэмжээг Оюутан хөгжлийн төв, Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, Оюутны холбоо хамтран 2024 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Багш, оюутны хөгжлийн төвийн 502 тоотод амжилттай зохион байгуулав.

Энэхүү үйл ажиллагааг “Орон орны туг парад”-аар эхлүүлэн Оюутан хөгжлийн төвийн эрхлэгч доктор М.Эрдэнэчимэг нээж, тус өдөрлөгийн зорилго, ач холбогдлын талаар танилцуулан, МУИС-д суралцаж буй нийт гадаад оюутанд цаашдын сурлага, хөдөлмөр амжилт хүсэв.

Өдөрлөгийн үеэр МУИС-д суралцаж буй БНЭУ, Япон, ОХУ, БНХАУ, БНСУ, БНАЛАУ, БНТУ, БНУУ, БНИУ, БНПУ, БНКУ зэрэг 10 гаруй орноос суралцаж буй оюутнууд өөрийн орны соёл, урлагийн үзүүлбэрээр мэндчилгээ дэвшүүлж, амтат үндэсний хоол хүнсээр дайлан, өөрсдийн орны тоглоом, наадгай, ёс, уламжлалыг танилцуулав.  Мөн өдөрлөгийн төгсгөлд Оюутны холбоо Монгол ёс, заншил, соёлоо танилцуулан гадаа талбайд гэр барин, үндэсний хоол, унд, хувцас, тоглоом, наадгайг гадаад оюутнууддаа танилцуулсан юм.

Энэ удаагийн арга хэмжээг дэмжин МУИС-ийн Монгол бичиг соёлын “Хос уянга” нэгдэл, ШУС-ХУС–ийн Ази судлалын тэнхимийн Япон, Солонгос хэл-орон судлал, Их Британи, Америк судлалын тэнхимийн Англи хэлний хөтөлбөрийн оюутны төлөөлөл өдөрлөгт идэвхтэй оролцсонд гүн талархал илэрхийлье.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар