Инженер, технологийн сургууль болон “Бадрах-Энержи” ХХК-ийн удирдлагууд сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов

Share Button

Инженер, технологийн сургуулийн урилгаар “Бадрах-Энержи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Марк Мелеард, Хүний нөөц эрхэлсэн захирал Ануар Каден нар хүрэлцэн ирж МУИС-тай байгуулсан Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд сургалт, судалгааны үйл ажиллагаан дээр хамтран ажиллахаар санал солилцов. Уулзалтад ИТС-ийн захирал Ч.Сономдагва, Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч Н.Эрдэнэ, дэд профессор Ц.Төгсөө, Хүрээлэн буй орчин судлал, ойн инженерчлэлийн тэнхимийн дэд профессор Д.Батсүрэн нар оролцов.

Уулзалтад “Бадрах-Энержи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Марк Мелеард 2028 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаа “Зөөвч овоо” төслийн танилцуулгыг хийв.

ИТС-ийн захирал Ч.Сономдагва МУИС-ийн шинэ бүтцээр үүсгэн байгуулагдсан Инженер, технологийн сургуулийн талаар танилцуулга хийв. ХБИТ-ийн эрхлэгч Н.Эрдэнэ 2024 оноос шинээр хэрэгжүүлэх гэж буй, Инженер, технологийн сургууль болон Зүүн бүсийн сургуультай хамтарсан “Ашигт малтмалын баяжуулалтын технологи” бакалаврын хөтөлбөрийг танилцуулав.

ХБИТ-ийн дэд профессор Ц.Төгсөө сургалтын лаборатори байгуулах, багшлах хүний нөөц бэлтгэх тал дээр хамтран дэмжин ажиллахыг хүсэв. Мөн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн дэд профессор Д.Батсүрэн тэнхимийн үйл ажиллагаа, Хүрээлэн буй орчны судалгаа, үнэлгээ, мониторингийн чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэдгээ танилцуулав.

Энэ үеэр “Бадрах-Энержи” ХХК-ийн удирдлагууд ИТС-д сургалтын лаборатори байгуулах, тоног төхөөрөмжөөр хангах, багшлах боловсон хүчин бэлтгэхэд дэмжин ажиллахаа илэрхийлэв. Мөн Хүрээлэн буй орчны чиглэлээр сургалт хамтран хийх болсноо мэдэгдэв.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар