Монголын Үндэсний Программчлалын XIV олимпиад боллоо

Share Button

Монголын Үндэсний Программчлалын XIV олимпиад 2024 оны тавдугаар сарын 17-ны өдөр Мэдээллийн Технологийн Үндэсний Парк дээр амжилттай зохион байгуулагдав. Олимпиадын дүнгийн хурал МУИС-ийн I байрны Дугуй танхимд 2024 оны тавдугаар сарын 20-нд болж өндөрлөлөө.

Хамтран ажиллагчаар Цахим хөгжил, харилцаа Холбооны Яам, “E-Mongolia”, Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, ерөнхий ивээн тэтгэгчээр “Юнител групп”, Гэрэгэ системс, Голомт банк, “CallPro”, ивээн тэтгэгчээр “Анд глобал”, “JamoGrand”, “Mirai Technologies” компаниуд ажиллалаа.

Энэ удаагийн олимпиадад их, дээд сургууль, коллежийн 14 багийн 42 оюутан, одтой баг буюу компанийн хөгжүүлэгчдээс бүрдсэн зургаан багийн 14 багийн хөгжүүлэгч оролцсон юм.

Олимпиадад оролцогчид тавдугаар сарын 17-ны өдрийн 12:30-17:30 цагийн хооронд 10 бодлогыг бодож мэдлэг, оюун ухаан, программчлалын ур чадвараараа өрсөлдлөө.

Оролцогч багууд дараах амжилтуудыг үзүүлсэн байна. Үүнд

Багийн нэр Сургуулийн нэр Бодсон бодлого Бодолтод зарцуулсан хугацаа
1 Hack The Planet МУИС 7 738
2 NMIT-1 Шинэ Монгол ТДС 6 1202
3 L3 МУИС 4 552
4 Coremind ШУТИС 3 698
5 MCM СЭЗИС 2 105
6 NMIT-2 Шинэ Монгол ТДС 1 69
7 МХТС ШУТИС 1 215
8 TesseracT МУБИС 1 438
9 405 FOUND ШУТИС, ДаТС 0 0
10 Hureechain Хүрээ МХДС 0 0
11 Infinity Мандах Их Сургууль 0 0
12 MASH хөгжилтэй ХААИС 0 0
13 Retry Мандах Их Сургууль 0 0
14 Techmind Их Засаг их сургууль 0 0

Эдгээр багуудаас МУИС-ийн МТЭС-ийн Г.Багаболд дасгалжуулагчтай оюутан Х.Цэлмэг, Б.Төрхүү, Ж.Тэмүүлэн нарын бүрэлдэхүүнтэй “Hack The Planet” баг алтан медаль, Шинэ Монгол ТДС-ийн М.Идэрбаатар дасгалжуулагчтай оюутан М.Болд-Очир, Б.Мөнх-Оргил, Б.Адъяатөмөр нарын бүрэлдэхүүнтэй “NMIT-1” баг мөнгөн медаль, МУИС-ийн МТЭС-ийн Г.Багаболд дасгалжуулагчтай оюутан Г.Далайцэрэн, Э.Билгүүн, Э.Гэрэлхүү нарын бүрэлдэхүүнтэй “L3” баг хүрэл медаль, ШУТИС-ын А.Хүдэр дасгалжуулагчтай Д.Гүндалай, Д.Батбилэгт, Г.Ангараг-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй “Coremind” баг хүрэл медаль, СЭЗИС-ын Б.Бат-Оргил дасгалжуулагчтай Д.Чингарал, Ч.Өнөбилиг, Д.Бямбадолгор нарын бүрэлдэхүүнтэй “МСМ” баг хүрэл медаль тус тус хүртсэн байна.

Олимпиадын тусгай байруудад Шинэ Монгол ТДС-ийн М.Идэрбаатар дасгалжуулагчтай оюутан Б.Энхбаатар, Б.Амарсайхан, Д.Бат-Ерөөлт нарын бүрэлдэхүүнтэй “NMIT-2” баг, ШУТИС-ын Ч.Даариймаа дасгалжуулагчтай оюутан С.Оч-Эрдэнэ, Б.Жамц, Г.Мөнх-Очир нарын бүрэлдэхүүнтэй “МХТС” баг, МУБИС-ын Ж.Дашдэмбэрэл дасгалжуулагчтай оюутан Б.Төрбилэг, Н.Мөнхмөрөн, Б.Эсүг нарын бүрэлдэхүүнтэй “TesseracT” багууд тус тус шалгарав.

Одтой багийн онооны хүснэгт

Багийн нэр Байгууллагын нэр Бодсон бодлого Бодолтод зарцуулсан хугацаа
1 Veterans МУИС-ийн төгсөгчид 6 957
2 Starchefs AND Global 5 461
3 #shoppyhub Intelmind 3 324

Харин одтой багийн хувьд МУИС-ийн төгсөгчдийн “Veterans” баг 6 бодлогыг 957 минутад бодож тэргүүлсэн бол, AND Global компанийн хөгжүүлэгчдээс бүрдсэн “Starchefs” баг 5 бодлогыг 461 минутад бодож дэд байранд, Intelmind компанийн “#shoppyhub” баг 3 бодлогыг 324 минутад бодож гутгаар байранд тус тус шалгарсан байна.

Олимпиадад амжилттай оролцсон бүх багуудад олимпиадыг зохион байгуулах комиссын зүгээс баяр хүргэж сурлага, бүтээл, ажил хөдөлмөрийн их амжилтыг хүсэн ерөөхийн ялдамд хамтран болон ивээн тэтгэж ажилласан бүх байгууллага болон компаниуддаа хамгийн сайн сайхныг хүсье.

Эрдмийн хэт цахиваас

Хөгжлийн гал бадармой

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар