Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд багш, оюутны хамтын оролцоог идэвхжүүлэх, гарааны компани эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Багш, оюутны стартап-2024” (NUM Startup 3.0) хөтөлбөр 2024 оны тавдугаар сарын 24-ний өдөр албан ёсны нээлтээ хийлээ.
МУИС уг хөтөлбөрийг 2017 оноос эхлэн хэрэгжүүлж, энэ жил найм дахь удаагаа зохион байгуулж байна. Хөтөлбөрийг нээж, МУИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор Б.Баяртогтох, БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацын хөгжүүлэлт хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох, МУИС-ийн Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Паркийн захирал О.Мөнхбат, “Рио Тинто Монгол” компанийн Түншлэл хариуцсан ахлах зөвлөх Г.Түвшинжаргал нар мэндчилгээ дэвшүүлж, хөтөлбөрт оролцогч, шинэ санаа шийдлээ өрсөлдүүлж буй эрдэмтэн судлаач багш нар, оюутан залууст амжилт хүссэн юм.
Энэ жилийн “Багш, оюутны стартап 2024” (NUM Startup 3.0) хөтөлбөрт Хими, Физик, Биологи, Нанотехнологи, Хүрээлэн буй орчны инженерчлэл, Хэл шинжлэл, Мэдээллийн технологи зэрэг салбаруудад технологийн хөгжүүлэлт хийх, гарааны компанийн төсөл боловсруулах зорилготой нийт 18 багийн 70 гаруй багш, оюутан бүртгүүлж, сургалтад хамрагдаж, шинэ санаагаа хөгжүүлж байгаа юм.
БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацын хөгжүүлэлт хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох хэлсэн үгэндээ, “Өнөөдөр дэлхийн ихэнх улс орнууд мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх, инновацийг бүтээх замаар эдийн засгаа тэлэх бодлогыг баримталж байна. Манай улсын хувьд инновацийг хөгжүүлэх ажлуудыг олон шатанд гүйцэтгэж байгаагийн нэг илрэл бол МУИС түүчээлэн Шинжлэх ухаан технологийн паркийг байгуулан ажиллаж байгаа явдал юм. БШУЯ-наас гарааны бизнесийн эко орчныг бүрдүүлэх, инноваци, мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх асуудлаар хууль эрхзүйн орчныг цаашид улам боловсронгуй болгоход анхаарч, хуулийн төсөл шинэчлэн боловсруулж ажиллаж байгааг” тэмдэглэв.
Эрдэмтэн судлаачдын оюуны бүтээл, Стартап хөтөлбөрийн үр дүнгийн ачаар МУИС дэргэдээ хатуу, шингэн, тосон суурьтай бүтээгдэхүүний хагас-үйлдвэрлэлийн гурван шугамыг байгуулан ажиллаж байгааг МУИС-ийн Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар паркийн захирал О.Мөнхбат тэмдэглэн хэлэв. Мөн хөтөлбөрийн үр дүнд бий болсон “Клоуд хэвлэгч” төхөөрөмж, “Байгалийн ухааны сургалтын тоног төхөөрөмж” гэсэн бүтээгдэхүүн нийтэд хүлээн зөвшөөрөгдөн гарсныг онцоллоо.
Нээлтийн арга хэмжээний үеэр “Рио Тинто Монгол” компаниас хөтөлбөрт хамрагдаж буй багуудын үйл ажиллагааг дэмжих зорилгоор баг тус бүрд нэг сая төгрөгийн тэтгэлэг олгох батламжийг гардуулав.
Тус арга хэмжээнд хөтөлбөрийг дэмжигч, хамтран ажиллагч МУИС-ийн Бизнес консалтинг төв, “Сократус стартап студи” ХХК, “М Старс хаб” ХХК, “Стартап Маркетинг Спасе” ХХК, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцож, стартап төслийн багуудад инновац, шинэ технологи хөгжүүлэх, хамтран ажиллах боломжийн талаар танилцуулав.
Хөтөлбөрт оролцогч нийт багууддаа инновацыг бүтээх, хөгжүүлэх ажилд нь өндөр амжилт хүсье.
МУИС. ШУТУБП. Технологи дамжуулах төв
77307730 – 1160
tto@num.edu.mn