Үйлдвэрлэлтэй хамтарсан математик судалгааны семинар-2024 зохион байгуулагдана 

Share Button
МУИС-ийн Мэдээллийн технологи, электроникийн сургууль, Хэрэглээний математикийн тэнхимийн дэргэдэх Математик хэрэглээ төвөөс “Study Group Mathematics with Industry” буюу “Үйлдвэрлэлтэй хамтарсан математик судалгааны семинар” тав дахь удаагаа зохион байгуулахаар боллоо.
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн олон талт асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдэх, математикийн онолын судалгааны үр дүнг практик хэрэглээнд нэвтрүүлэх зорилго бүхий тус семинар нь 2024 оны 06 дугаар сарын 03-07-ны өдөр МУИС-ийн Номын санд болно. Энэ удаагийн семинар нь анагаах ухааны болон санхүүгийн салбарт хиймэл оюун ухааны арга, техникүүдийг ашиглаж, шийдэл гаргах, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахтай холбоотой математик загвар боловсруулах зорилго бүхий дараах асуудлууд дэвшсэнээрээ онцлог болж байна.
  1. ТЕРА Анлимитед ХХК-иас дэвшүүлсэн “Банкны дансны хуулганаас орлого тодорхойлоход машин сургалт ашиглах нь”
  2. АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы эмнэлгээс дэвшүүлсэн “Элэгний өөхлөлтийн хэмжээг эмгэг судлалын микро зургаас тодорхойлох нь”
  3. Нийтийн тээврийн газраас дэвшүүлсэн “Улаанбаатар хотын нийтийн тээврийн эрэлтийн шинжилгээ, хөдөлгөөний эхлэл төгсгөлийн матрицыг байгуулах”
Тус семинар нь 2018, 2019, 2022 болон 2023 онд тус тус зохион байгуулагдаж байсан бөгөөд хурлын талаарх мэдээллийг дараах холбоосоос үзэх боломжтой.
Эрдэмтэн судлаач, оюутан суралцагч болон үйлдвэр, аж ахуйн нэгжүүд та бүхнийг энэхүү судалгааны семинарт өргөнөөр оролцохыг урьж байна.
МУИС-МТЭС Хэрэглээний математикийн тэнхим 
Математик Хэрэглээ төв 
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар