МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, БНХАУ-ын Хөххот үндэстний дээд сургуулийн Угсаатны зүйн дээд сургуультай угсаатан судлалын чиглэлээр 2024 оны зургаадугаар сарын 11-ний өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийг хангах уулзалт боллоо. Уулзалтыг 2024 оны есдүгээр сарын 04-ний өдөр МУИС-д зохион байгуулсан ба МУИС-ийг төлөөлж МУИС-ийн Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Д.Заяабаатар, Оюутны хөгжлийн газрын дарга Б.Цэцэнцолмон, Нийгмийн ухааны салбарын захирал Ч.Тамир, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны мэргэжилтэн Г.Наргил болон Антропологи-Археологийн тэнхимийн Антропологийн хөтөлбөрийн багш нар оролцов. БНХАУ-ын Хөххот үндэстний дээд сургуулийг төлөөлж Хөххот үндэстний дээд сургуулийн Намын дарга Лиү Жиү Ван, Нам, засгийн албаны дарга Бо Цанг, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны төвийн дарга Чи Руй, Хуулийн сургуулийн намын дарга Улаанцэцэг, Угсаатны зүйн дээд сургуулийн захирал Чин Цэцэн нар оролцлоо.
Хоёр сургуулийн хамтын ажиллагааны гэрээг хэрэгжүүлэх хүрээнд:
- Хөххот үндэстний дээд сургуулийн Угсаатны зүйн дээд сургуулийн төгсөгчдийг МУИС-ийн Антропологийн хөтөлбөрийн магистрантурт суралцуулах,
- Угсаатан судлалын чиглэлээр олон улсын эрдэм шинжилгээний хурлыг хоёр жилд нэг удаа МУИС-д болон Хөххот үндэстний дээд сургуульд зохион байгуулах,
- МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбарын Антропологи-археологийн тэнхимийн Антропологи хөтөлбөрийн бакалаврын түвшний болон Хөххот үндэстний дээд сургуулийн Угсаатны зүйн дээд сургуулийн Угсаатан зүйн бакалаврын хөтөлбөрийн зуны хээрийн дадлагыг хамтран зохион байгуулах, оюутан солилцох,
- МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбарын Антропологи-археологийн тэнхимийн Антропологи хөтөлбөрийн ахисан түвшинд суралдаж буй Өвөр монгол, Хятад оюутнууд хүсэлт гаргасан тохиолдолд судалгааны ажлыг хамтран удирдах,
Хөххот үндэстний дээд сургуулийн Угсаатны зүйн дээд сургуульд МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбарын Антропологи-археологийн тэнхимийн багш нарыг богино хугацаагаар урьж ажиллуулахаар тохиролцов.
Уулзалтын үеэр Хөххот үндэстний дээд сургуулийн төлөөлөл МУИС-ийн Антропологи-аорхеологийн тэнхимийн Археологи, Хүн ам зүйн хөтөлбөрийн багш нартай уулзаж хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцсэн. Мөн Хөххот үндэстний дээд сургуулийн удирдлагууд МУИС-ийн бусад салбар, тэнхимүүдтэй хамтын ажиллагаа өргөжүүлэх сонирхолтой байгааг илэрхийлэв.