Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан 2024 оны есдүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатарын талбайд “Германы өдөр 2024“ арга хэмжээг зохион байгуулжээ. Арга хэмжээнд 50 гаруй байгууллага, аж ахуйн нэгж оролцсон бөгөөд МУИС-ийг төлөөлөн ШУС-ийн Европ судлалын тэнхим, Герман судлалын багш оюутнууд Германы эрдмийн солилцооны албаны суурин төлөөлөгч, зочин багш К.Даниелийн хамтаар оролцож сургалтын хөтөлбөр, үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа.
МУИС-д герман хэлийг 1968 оноос хойш мэргэжлийн, мэргэжлийн бус хөтөлбөрөөр заан сургаж ирсэн ба энэхүү хугацаанд герман хэлний хөтөч-орчуулагч, герман хэлтэй гадаад харилцааны ажилтан, багш, орчуулагч, орон судлалын мэргэжилтнийг академик түвшинд бэлтгэжээ. Өнөөгийн байдлаар тус салбар нь герман хэл шинжлэл, орчуулга, герман хэл, орон судлалын чиглэлээр сургалт, судалгааны ажлаа амжилттай үргэлжлүүлж байна.
Тус өдөрлөгийн үеэр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Хэльмут Кулитц МУИС-ийн асраар зочлон багш, оюутнуудтай уулзаж мэндчилэв.
МУИС-ШУС-ХУС
Европ судлалын тэнхим