“Агаарын бохирдлыг бууруулъя” уриан дор зохион байгуулсан Улсын Экологийн XII олимпиад амжилттай боллоо

Share Button

Монгол Улсын Их Сургуулийн Инженер, Технологийн Сургууль нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон “Бадрах Энержи” ХХК, “Мон Газар Экологи” ХХК, оюутны “Экологи клуб”-тай хамтран улсын “Экологийн XXI олимпиад”-ыг амжилттай зохион байгууллаа.

МУИС-ийн профессор, доктор Ч.Гончигсумлаа агсны анх санаачлан явуулсан “Экологийн олимпиад”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд байгаль хамгаалал, хүрээлэн буй орчин судлал, инженерчлэлийн чиглэлээр их, дээд сургуулиудад суралцаж буй оюутнуудын экологийн ерөнхий мэдлэгийг сорих, экологийн боловсролыг бүх нийтэд сурталчлах, экологи, байгаль орчны салбарын чадварлаг мэргэжилтэн бэлтгэх, чадавхжуулах зорилготой.

Энэ удаагийн Улсын “Экологийн XXI олимпиад” нь “АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛЪЯ” уриан дор 2025 оны 05 сарын 10-ны өдөр МУИС-ийн Багш оюутны хөгжлийн төвд явагдлаа. Тус олимпиадад МУИС, ШУТИС, ХААИС, МГТИС, МУБИС, АШУҮИС болон бусад их, дээд сургуулийн бакалаврын түвшний оюутнууд оролцож, онолын мэдлэг болон практик ур чадвараа сорилоо.

Улсын Экологийн XXI олимпиадын нээлтэд МУИС-ийн Ректор, профессор Б.Очирхуяг, “Бадрах Энержи” ХХК-ийн Байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, орон нутгийн харилцаа эрхэлсэн захирал Ц.Энхжаргал нар мэндчилгээ дэвшүүлж, үг хэлэв.

Олимпиадын уриан хүрээнд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга С.Даваасүрэн “Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй олон улсын туршлага” сэдвээр илтгэл танилцуулж, оролцогчдод амжилт хүсэв. Мөн зочин илтгэгчээр “Паблик Лаб Монголиа” ТББ-ын хөтөлбөрийн менежер Л.Бямбацэцэг “Агаар, хөрсний чанарын боловсрол олгох хөтөлбөр”-ийн талаар илтгэл танилцуулан, оролцогчдод мэдлэг олгов.

Улсын Экологийн XXI олимпиад хоёр үе шаттай явагдаж, шагналт байрын эзэд тодорлоо. Үүнд:

  • I байр – МУИС, ИТС, Ногоон эрчим хүч, инженерчлэлийн тэнхимийн IV түвшний оюутан М.Анхбаяр (Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, 1.500.000₮)
  • II байр – МУИС, БУС-ШУС, Биологийн тэнхимийн IV түвшний оюутан Салвадор Темирлан Рей (Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, 1.000.000₮)
  • III байр – Монгол-Германы Хамтарсан Ашигт Малтмал Технологийн Их Сургуулийн III түвшний оюутан Г.Номин-Эрдэнэ (Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, 500.000₮) нар амжилттай оролцож, шагналт байруудыг эзэллээ.

Нэгдүгээр шатанд хувийн дүнгээр хамгийн өндөр оноо авсан МУИС-ийн БУС-ШУС-ийн Биологийн хөтөлбөрийн IV түвшний оюутан Салвадор Темирлан Рейг МУИС-ийн төгсөгч, залуу судлаач, доктор Б.Чүлтэмийн нэрэмжит мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

Улсын Экологийн XXI олимпиадыг хамтран зохион байгуулсан байгууллагууд болон шүүгчээр ажилласан эрдэмтэн багш нар, ивээн тэтгэж оролцсон дэмжигч байгууллагууд, зохион байгуулалтын үйл ажиллагаанд тусалсан “Экологи клуб”-ын гишүүддээ гүн талархал илэрхийлье.

Олимпиадад оролцсон нийт оюутан суралцагчдадаа эрдмийн өндөр амжилтыг хүсье.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар