SPSIRPA FORUM 2025 олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

Share Button

МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулиас жил бүр зохион байгуулдаг SPSIRPA FORUM-2025 олон улсын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордон болон МУИС-д зохион байгуулагдлаа. Энэхүү форумд гадаадын 9 орны их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагаас нэр хүнд бүхий 20 гаруй эрдэмтэн, УИХ, ЗГ, МУИС, МУБИС, ШУТИС, ШУА, ОТИС, ПСХХ зэрэг шийдвэр гаргах түвшний болон дотоодын судалгааны тэргүүлэх байгууллагуудын судлаач, төлөөлөл оролцлоо.

Хурал УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ивээл дор явагдаж хурлыг УИХ-ын гишүүн, АБГББХ-ны дарга Г.Тэмүүлэн нээж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн мэндчилгээг сайдын зөвлөх Д.Мөнхтөр уламжилж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, МУИС, УТСОУХНУС-ийн захирал, Монголын улс төрийн шинжлэх ухааны холбооны ерөнхийлөгч, доктор, профессор С.Мөнхбат нар нээлтийн үг хэллээ.

Нэгдсэн хуралдаанаар өөрчлөгдөж буй геополитикийн нөхцөлд жижиг улсууд түүний дотор Монгол улс ямар гадаад бодлого хэрэгжүүлэх, түүнд нөлөөлөх хүчин зүйлүүд болон гуравдагч хөршүүдтэйгээ барьж байгаа Монгол улсын стратегийн түншлэлийн харилцаанд геополитикийн өөрчлөгдөн буй нөхцөл хэрхэн нөлөөлж байгаа тухай, АНУ-Хятадын өрсөлдөөн, түүнээс үүдэлтэй худалдааны хямрал, Азийн бүс нутаг дахь өрсөлдөөний асуудлаар сонирхолтой үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлэв.

Салбар хуралдаануудаар гадаад бодлого, аюулгүй байдал, олон улсын харилцаа, геополитик, нийтийн удирдлагын чиглэлээр гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид 60 гаруй судалгааны ажлын үр дүнг танилцууллаа. Салбар хуралдаан “Дэлхийн шинэ дэг журамд Монгол улс болон бүс нутгийн хариу үйлдэл”, “Өөрчлөгдөн буй геополитикийн орчин ба Монгол улс, хөрш орнууд”, “Нийтийн удирдлага” сэдвээр явагдаж хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хуралд оролцсон гадаад, дотоодын эрдэмтдийн илтгэлийг эмхэтгэн гаргаж олны хүртээл болгохоос гадна хурлаас гарсан үр дүнг боловсруулж зөвлөмж болгон шийдвэр гаргагчдад хүргэх талаар анхаарч ажиллахаар болсон байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар