Төрийн тусгай хамгаалалтын газрын албан хаагчид зэргийн бус сургалтын гэрчилгээгээ гардан авлаа

Share Button

Монгол Улсын Их Сургууль, Төрийн Тусгай Хамгаалалтын Газрын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдсан зэргийн бус сургалтын хоёрдугаар ээлжийн сургалтад хамрагдан төгсөж буй нэр бүхий 60 албан хаагч өнөөдөр /2025.05.27/ Зэргийн бус сургалтын гэрчилгээгээ гардан авлаа.

Суралцагчид англи хэл, монгол бичиг, мэдээллийн технологийн суурь мэдлэг эзэмших зорилготой 2-4 багц цагийн сургалтад 3 сарын турш амжилттай суралцсан юм.  МУИС-ийн Ректор Б.Очирхуяг ТТХГ-ын удирдлагуудад хандан хэлсэн үгэндээ байгууллагынхаа хүний нөөцийг чадавхижуулахад онцгой анхаарч, оюуны хөрөнгө оруулалт хийж байгаад МУИС-ийн хамт олны зүгээс гүн талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүсэв.

Төрийн тусгай хамгаалалтын байгууллага үүсч хөгжсөний 87 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдсан хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр төгсөгчид гэрчилгээгээ гардан авч байгаадаа сэтгэл өндөр байгаа талаар төгсөгчдийн төлөөлөл Төрийн тусгай хамгаалалтын газрын Мэдээллийн технологи, тусгай холбооны хэлтсийн ахлах ажилтан Б.Эрхэмбаяр хэллээ.

Хүндэтгэлийн үйл ажиллагаанд зориулж Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургууль, Хүмүүнлэгийн ухааны салбарын Түүхийн тэнхимийн дэд профессор Б.Батсүрэн “Монгол төрийн тусгай хамгаалалтын товч тойм” (Хамрах хүрээ: Хүннүгийн үеэс ХХ зууны эх хүртэл) сэдвээр, Түүхийн тэнхимийн дэд профессор Н.Алтантөгс “Монгол Улсын Төрийн тусгай хамгаалалтын орчин үеийн түүхийн тойм” сэдвээр тус тус сонирхолтой илтгэл хэлэлцүүллээ.

Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын удирдлага, нийт бие бүрэлдэхүүнд Монгол улсад Төрийн тусгай хамгаалалтын байгууллага үүсгэн байгуулагдсаны түүхт 87 жилийн ойн мэндийг хүргээд ажил хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Сургалт, хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар