Монгол Улсын Их Сургууль, Онцгой Байдлын Ерөнхий Газар хоорондын хамтын үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдсан монгол бичиг, англи хэлний мэдлэг эзэмшүүлэх сургалтад нийт 60 албан хаагч хамрагдан, амжилттай суралцаж өнөөдөр /2025.05.29/ Зэргийн бус сургалтын гэрчилгээгээ гардан авлаа.
Үйл ажиллагаанд Монгол улсын их сургуулийн зүгээс Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор, профессор Д.Заяабаатар, СХЧБГ-ын дарга С.Булгантамир, Зэргийн бус сургалтын зохицуулагч, СХЧБГ-ын мэргэжилтэн Б.Энхжаргал, хичээл заасан багш ГХСТ-ийн эрхлэгч Я.Бадамсүрэн, тус төвийн ахлах багш А.Энхтуяа, ахлах багш Н.Энхтуяа, ахлах багш А.Алимаа, МХХШТ-ийн багш, дэд профессор М.Жавхлан, дэд профессор Э.Мөнх-Учрал нар, Онцгой байдлын ерөнхий газрын зүгээс ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг, Гамшгаас хамгаалах сургалтын газрын дарга, хурандаа Х.Сүхбаатар, ГХСГ-ын хэлтсийн дарга дэд хурандаа Э.Энх-Амгалан, ОБЕГ-ын бие бүрэлдэхүүн, төгсөгчид оролцов.
Сургалтын хувьд нийт 128 академик цаг буюу 8 багц цагийн харьцангуй ачаалалтай хөтөлбөр байсан бөгөөд суралцагчдын хувьд энэ хугацаанд маш их хичээл зүтгэл гарган хөдөлмөрлөсний үр дүнд 3 сарын хугацаанд амжилттай суралцан дүгнүүлсэн. Албан хаагчдын хувьд ажил мэргэжлийн онцгой нөхцөл байдал, ар гэрийн амьдрал өрнөсөн цаг хугацаанд суралцан боловсрол мэдлэгээ дээшлүүлж, хариуцлагатай суралцсан нь нийт суралцагчдын 98 хувь нь А, В үнэлгээтэй үнэлэгдсэнээр хэмжигдэж байна.
МУИС-ийн Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Д.Заяабаатар хэлсэн үгэндээ, албан хаагчдын боловсрол, мэдлэг дээшилснээр байгууллагын хүний нөөцийн чадавх дагаад өсөн нэмэгдэж байдаг бөгөөд байгууллагынхаа албан хаагчдыг чадавхжуулах, соён гэгээрүүлэхэд онцгой анхаарч, оюуны өгөөжтэй хөрөнгө оруулалт хийж байгаад Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагуудад МУИС-ийн хамт олны зүгээс талархал илэрхийллээ.
Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг хэлэхдээ, Улсын Их Хурлаас батласан “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын хүрээнд Онцгой байдлын байгууллага хүний нөөцийн чадавхийг тасралтгүй сайжруулах, оюуны өндөр мэдлэг боловсролтой, чадварлаг, мэргэжлийн ур чадвартай алба хаагчдыг бэлтгэх хөтөлбөр боловсруулан ажиллаж байна. Төрийн албан хэрэг хөтлөлтөд үндэсний бичгийг хэрэглэх болсноор манай албан хаагчдад үндэсний бичгийн мэдлэг эзэмших шаардлага гарч ирсэн, нөгөөтэйгүүр манай байгууллагын гадаад хамтын ажиллагаа өдрөөс өдөрт өргөжин тэлж олон улсын хамтарсан дадлага сургууль болон мэргэжил дээшлүүлэх академи, курсуудэд хөтөлбөрт хамрагдахад алба хаагчдад англи хэлний мэдлэг зайлшгүй шаардлагатай байгаа эрэлт хэрэгцээнд тулгуурлан Монгол улсын ууган их сургуультай ийнхүү үр өгөөжтэй хамтын ажиллагааг өрнүүлээд байна. Цаашдаа хамтран суралцаж, хөгжиж, Монгол Улсын иргэдийн аюулгүй амьдралын төлөө сурсан мэдсэн зүйлээ зориулна гэдэгт итгэлтэй байна гэлээ.
МУИС, ОБЕГ хооронд байгуулсан зэргийн бус сургалт зохион байгуулах гэрээ 2 жилийн хугацаанд үргэлжилнэ.
СУРГАЛТ, ХӨТӨЛБӨР, ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ГАЗАР