Өнөөдөр /2025.06.18/ МУИС-ийн 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улирлын “Эрдмийн баяр”-ын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо. Дээд боловсролын ууган гал голомт Монгол Улсын Их Сургууль 1946 онд анхны төгсөлтөө хийж байсан бол 2024-2025 оны хичээлийн жилд 80 дахь удаагийн эрдмийн баяраа зохион байгууллаа.
Өнөөдөр бакалаврын түвшний 2193, магистрын түвшний 357, докторын түвшний 17, хавсарга хөтөлбөрийн 5, монгол хэлний бэлтгэлийн 44, нийт 2616 төгсөгчид энгэрийн тэмдэг, диплом гардуулсан юм.
80 дахь удаагийн эрдмийн баярын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг нээж хэлсэн үгэндээ “Та бүхэн хурд хүч, тэсвэр тэвчээр, хичээл зүтгэл, эвсэл нийцэл, шударга зарчимч, хүнлэг хариуцлагатай чанар, эзэмшсэн мэдлэг чадвараараа өнөөгийн нийгмийн өнгө гэрэл болсон манлайлагчид байна гэдэгт бат итгэж байна. МУИС-ийг төгсөгч та бүхний мэргэжил боловсрол, ур чадвар, хүмүүжил төлөвшил Монгол сайхан орны маань хөгжил цэцэглэлт, ирээдүйн сайн сайхны тулгуур багана болох тул МУИС хэмээх эрдмийн овгоо эрхэмлэн дээдэлж, өндөрт өргөж явахыг” захив.
Эрдмийн баярын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд Эрчим Инвест ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоонд төслийн инженер Э.Халиунаа, Олимпын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга асан, ҮОХорооны зөвлөх, МУСГЗ, МУИС-ийн хятад судлалын 1985 оны төгсөгч Ж.Отгонцагаан, МУИС-ийн 1995 оны төгсөгч, Нэгдсэн Үндэстний Байгууллагын сонгуульт ажилтай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газрын дарга Д.Гэрэл, МУИС-ийн 2008 оны эдийн сургуулийн санхүү менежментийн төгсөгч, Тээвэр хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Эрдэнэбаяр, Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн хүндэт төгсөгч Н.Энхмөнх нар төгсөгчдөд үнэт сургааль, урам итгэлийн үг хэлж, мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Мөн нийт төгсөгчдийг төлөөлөн Ахисан түвшний анхны салбар дундын хөтөлбөр, Шинжлэх ухааны сургууль, Нийгмийн ухааны салбарын Жендэр судлалын хөтөлбөрийн анхны төгсөгч Б.Батчимэг, Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын төгсөгч Г.Эрмүүн, Хууль зүйн сургуулийн төгсөгч Э.Мөнхболор, Бизнесийн сургуулийн төгсөгч Б.Үнэнхүү, Улс Төр Судлал, Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургуулийн төгсөгч У.Баттүвшин нар үг хэлж, эрхэм багш профессорууд, төрөлх сургууль, гэр бүл, анд найзууддаа талархал илэрхийлэн амжилт хүслээ.
Өчигдөрхөн сурч, мэдэхийн төлөө тэмүүлж байсан МУИС-ийн оюутнууд өнөөдрөөс хийж бүтээхийн төлөө зорьсон МУИС-ийн төгсөгч боллоо. МУИС хэмээх эрдмийн овгоор овоглодог 100,000 гаруй мянган төгсөгчдийн халуун ам бүлд нэгдэж буй нийт төгсөгчдөдөө амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.
МУИС-ийн нийт төгсөгчдөд зориулан Тэргүүн зэргийн Чингис хаан одонт Морин хуур найрал хөгжмийн цөөхүүл, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын “Монгол аялгуу” хөгжмийн бүтээлээр мэндчилгээ дэвшүүллээ.