Ректорын мэндчилгээ

Share Button

Ректорын мэндчилгээ

Монгол Улсын Их Сургуулийн нийт оюутан залуус, эрдэмтэн багш, ажилтан албан хаагч, төгсөгч Та бүхэндээ дэлхийн жишигт, үндэсний тэргүүн эрэмбэт, ууган их сургуулийнхаа 83 дахь хичээлийн шинэ жилийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье!

2025-2026 оны хичээлийн жилд бид 4200 гаруй элсэгчээр бүл нэмж, 1500 орчим багш, ажилтан, нийт 20000 орчим оюутантайгаар хичээлийн жилээ угтаж байна.

МУИС шинэ хичээлийн жил бүр баримтлах бодлого, хэрэгжүүлэх зорилтоо тодорхойлдог уламжлалтай. Бид 2025-2026 оны хичээлийн жилийг сургалтын олон талт хэлбэрийг хөгжүүлэх, оюутны хөрвөх чадварыг дээшлүүлэх, судалгааны цар хэрэглээг өргөжүүлэх гурван чиглэлээр томьёолж байна.

МУИС танхимын уламжлалт хэв загвараас цахим, зайн, танхим цахим хосолсон хэлбэрээр хос, хавсарга, салбар дундын, иргэний, орой, эчнээ зэрэг хөтөлбөрөөр суралцах олон талт сонголтыг суралцагч нартаа олгох чиглэлээр эрх зүйн баримт бичгийг боловсруулж, орчин нөхцөлийг бүрдүүлэх болно. Сургалтын хөтөлбөрийн зэрэгцээ хувь хүний цогц хөгжил, хөрвөх чадварыг дээшлүүлэх хүрээнд эерэг соёлыг түүчээлэгч, зөв үйлийг санаачлагч, нийгмийн идэвхтэй залуусыг бэлтгэн гаргах чиглэлээр оюутныг хөгжүүлэх төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулж хэвшүүлнэ. Их сургуулиудын олон улсын эрэмбэд нэрээ бүртгүүлсэн улсынхаа тэргүүн эрэмбэтэй сургуулийн хувьд судалгааны цар хүрээг өргөжүүлэх замаар онол хэрэглээний оновчтой хослолыг бүрдүүлж, МУИС-ийн эрдэм шинжилгээний байр суурийг улам ахиулна.

Улс орныхоо хөгжил дэвшилд чухал оролцоотой МУИС хэмээх эрдмийн овогтой хүн бүрийг сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж, ололтоо бататган амжилтаа ахиулахын төлөө хамтдаа хичээхийг уриалж байна.

Улс эх орныхоо ирээдүйн түүчээ, итгэлийн оч болсон оюутан суралцагч, нийт эрдэмтэн судлаач, багш, сурган хүмүүжүүлэгч, ажилтан, албан хаагч Та бүхний эрдмийн их аянд амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Эрдмийн хэт цахиваас

Хөгжлийн гал бадармуй.

 

МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар