МУИС-ийн ШУС-ийн Байгалийн ухааны салбарын Биологийн тэнхимийн Экологи, Биологийн хөтөлбөрийн 12 оюутан Өвөр Монголын Их Сургуулийн Экологи, Хүрээлэн буй орчны сургуулийн Экологийн хээрийн дадлагад 2025 оны 8-р сарын 18-28-ы хооронд оролцов.


Уг хээрийн дадлага нь Өвөр Монголын Шилийн гол аймгийн Сөнөд баруун болон зүүн хошуу, Абга хошуу, Үзэмчин баруун ба зүүн хошууны цөл, цөлөрхөг хээр, хээрийн экосистемийн ургамалжилт, хөрсний үндсэн хэв шинжүүдтэй танилцах, мал бэлчээрлэлттэй болон бэлчээрлэлтгүй (газар ашиглалтын үндсэн хэв шинж) бүлгэмдлүүдээс ургамал, хөрсний дээж цуглуулах, анализ хийх зэрэг хээрийн судалгааны үндсэн арга зүйтэй танилцлаа.

Үүнээс гадна тус хошуудын орон нутгийн музейг үзэх (ургамал, амьтны аймаг, чулуулгийн хэсэгт нарийвчилсан тайлбар хийх), тусгай хамгаалалттай газруудаар (Сөнөд зүүн хошууны Бударын чулуу хэмээх геосферийн тусгай хамгаалалттай газар, Даль нуурын биосферийн хамгаалалттай газар) зочлон байгаль хамгааллын ажлуудтай танилцах, томоохон судалгааны төвүүдтэй (Өвөр Монголын үетэнт хээрийн судалгааны суурин, Өвөр Монголын Их Сургуулийн үетэнт хээрийн туршилт, судалгааны суурин гэх мэт) танилцаж сүүлийн үеийн судалгааны аргууд болон үр дүнгүүдтэй танилцсан нь Экологийн хээрийн судалгааны олонх хэлбэрийг хамарсан үр өгөөжтэй дадлага болсон юм.


