Монгол Улсын Их Сургууль, Эрдэнэс ҮТП ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулж, Ректор Б.Очирхуяг, Эрдэнэс ҮТП ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Мөнх-Идэр нар санамж бичигт гарын үсэг зурав.
Талууд хамтын ажиллагаагаа олон чиглэлээр өргөн хүрээнд хөгжүүлэхээр тохиролцлоо. Үүнд:
- Монгол Улсын 6 байршилд байгуулж буй Үйлдвэрлэл, технологийн паркуудад шаардлагатай боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлийн инженер, техникийн ажилчдыг бэлтгэх, чадавхжуулах урт, дунд хугацааны зэргийн сургалт зохион байгуулах;
- Хүнд үйлдвэрийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах ажилд хамтран оролцох;
- Технологи, инновац, судалгаа шинжилгээний хамтын ажиллагааг хөгжүүлэх, үйлдвэр, шинэ технологи, инновацыг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр хамтарсан төсөл хөтөлбөр, арга хэмжээ болон технологийн парктай уялдсан дадлагажих, тэтгэлэгт хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлэх;
- МУИС-ийн Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар Парктай хамтран төсөл хэрэгжүүлэх, харилцан туршлага солилцох;
- Хүнд үйлдвэрийн салбарын онцлог, салбарын хууль тогтоомж болон бодит үр нөлөөг таниулахад чиглэсэн олон талт арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулах;