МУИС-ийн Эндаументын сан анхны хандиваа авч үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ

Share Button

Монгол Улсын Их Сургууль 2023 онд УИХ-аас шинэчлэн батлагдсан боловсролын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд олон улсын сайн туршлагыг нэгтгэн анх удаа Эндаументын сангаа албан ёсоор байгуулж, ирээдүйн хөгжлийн стратегийн үндсийг тавьж байна. МУИС энэхүү олон улсын шилдэг туршлагаас суралцаж, Монголын нөхцөлд тохируулсан Эндаументын сангийн загварыг хэрэгжүүлэх замаар төгсөгчдийн сүлжээ,  аж ахуйн нэгж, дотоод болон гадаадын түншлэл, хандивлагчдыг оролцуулан эндаумент санд хөрөнгө оруулалт татах бодлого хэрэгжүүлж байгаа юм.

Тус бодлого, зорилтын хүрээнд МУИС-ийн ректорын нэрэмжит “МУИС-ийн төгсөгч-Монголын манлайлагч” хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулж, төр болон хувийн хэвшилд манлайлан ажиллаж буй МУИС-ийн 200 орчим төгсөгчдөдөө хүндэтгэл үзүүлэн, МУИС-ийн Эндаумент санг танилцуулж анхны хандиваа босголоо.

Эндаументын сангийн үндсэн зарчим нь үндсэн хөрөнгийг хадгалж, зөвхөн түүний хөрөнгө оруулалтын өгөөжөөр сургуулийн хөгжлийг дэмждэг бөгөөд эндаументын сангийн тусламжтайгаар судалгааны хүчин чадлыг өргөжүүлж, оюутнуудын тэгш суралцах боломжийг хангаж, шинжлэх ухаан, инновацид суурилсан эдийн засгийг дэмжих боловсролын тогтолцооны түлхүүр байгууллага болох чиглэлд тууштай хөгжих боломжтой болж байна.

МУИС-ийн Эндаументын сан нь ойрын 10 жилийн хугацаанд 100 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татаж, сангийн жил тутмын үйл ажиллагааны өгөөж болох 20 тэрбум төгрөгөөр сургуулийн хөгжлийг дэмжих зорилт тавин ажиллана.

Түүнчлэн “МУИС-ийн төгсөгч-Монголын манлайлагч” хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр МУИС төгсөгчидтэйгээ хамтран хэрэгжүүлэх боломжтой төслүүдийг санал болгосон юм.

Монгол Улсын Их Сургуулиар овоглодог багш, ажилтан, суралцагч, төгсөгч, дэмжигч та бүхэн МУИС-ийн сургалт, судалгаа, тэтгэлэг, инновац, дэд бүтцийн хөгжилд өөрийн бодит дэмжлэгийг үзүүлж, олон мянган залуусын ирээдүйн боломжийг нээх стратегийн хөрөнгө оруулалт хийгээрэй.

Таны хандив МУИС-д үеийн үед үр өгөөжөө өгөх мөнхийн хөрөнгө оруулалт болж, Таны алдар хүндийг үүрд алдаршуулах болно.

МУИС-ийн Эндаументын сангийн хандивын мэдээлэл:

Цахим хуудас:  https://giving.num.edu.mn/

Хүлээн авагч: МУИС-ийн эндаументын сан

Харилцах данс: Хаан банк, 5115143148 тоот данс

Гүйлгээний утга: “Овог нэр, суралцагчийн дугаар, утасны дугаар”

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар