“Эрүүл, тэнцвэртэй хооллолт” сэдэвт сургалтыг дотуур байрны суралцагчдад зориулан зохион байгууллаа

Share Button

2025-2026 оны хичээлийн жилд ОХГ-ын батлагдсан төлөвлөгөөний дагуу дотуур байранд амьдарч буй суралцагчдад зориулж “Эрүүл, тэнцвэртэй хооллолт”  сэдвээр  сургалтыг 2025 оны 12 дугаар сарын 13-ны өдөр оюутны 2, 3, 4-р байруудад зохион байгууллаа.

Дотуур байрны суралцагчдыг амжилттай суралцах, биеийн болон сэтгэлзүйн эрүүл мэндийн мэдлэг, ур чадвар, хандлагыг хөгжүүлэх чиглэлээр цогц мэдлэг олгов.

Сургалтын үеэр дараах сэдвийг хөндөн ярилцав. Үүнд:

  • Эрүүл хооллолтын үндсэн зарчмуудыг ойлгох;
  • Өдөр тутмын хоолны бүтэц, шим тэжээлийн харьцааг мэдэх;
  • Хэмнэлттэй үнээр шимтэй хүнс сонгох чадвартай болох;
  • Хооллох дэглэмийг хичээл, амьдралын хуваарьт тохируулан төлөвлөх;
  • Эрүүл бус зуршлаас (түргэн хоол, кофе, чихэрлэг зүйлсийн хэт их хэрэглээ гэх мэт) сэргийлэх арга зэрэг болно.

Сургалтыг “MindWell” академийн эрүүл зөв хооллолтын багш, сэтгэл зүйч Д-р Д.Оюунчимэг, МУ-ын аварга, Дэлхийн аваргын мөнгөн медальт фитнесийн багш М.Мөнхзул нар сонирхолтой хэлбэрээр зааж, суралцагчидтай харилцан ярилцлага хийн сэтгэлзүйн тест бөглүүлж ажиллав. Мөн шим тэжээлтэй өглөөний цай бэлдэх практик ажлыг суралцагчидтай хамтран хийлээ. Сургалтад нийт 80 гаруй суралцагч оролцлоо.

Суралцагчдын сэтгэгдлээс:

Гадаад оюутны 4-р байрны суралцагч DONG, CHANGZHU:

  • Харийн оронд суралцаж буй бидний хувьд хооллох зуршлаа өөрчлөх, дасан зохицох нь томоохон сорилт болдог. Сургалтын үеэр багш нараас эрүүл тэнцвэртэй хооллолтын жинхэнэ утгыг ойлгож мэдэж авлаа.Өөрөөр хэлбэл нүүрс ус, уураг, өөх тос, амин дэм, эрдэс бодисыг зохистой харьцаатайгаар хэрэглэх нь бат бөх эрүүл мэндийн пирамид босгож буйтай адил гэдгийг ойлгууллаа. Ингэснээр эрүүл хооллолт гэдэг нь заавал үнэтэй, онцгой хүнс хэрэглэхийг хэлэхгүй, харин өдөр тутмын сонголтдоо олон төрөл, зохистой хэмжээг баримтлах явдал гэдгийг би ухамсарлав. Энэ сургалт цагтаа орсон бороо мэт хэрэгтэй зүйл боллоо. Сургуулийн зүгээс ийм сайхан арга хэмжээг зохион байгуулсан болон сургалт заасан багш нарт талархал илэрхийлье.

Гадаад оюутны 4-р байрны суралцагч AYSLAN KHOMUSHKU:

  • Эрүүл хооллолтын сургалт амжилттай болж өнгөрлөө. Ялангуяа гадаад оюутнуудад зөв, эрүүл хооллолт маш чухал. Сургалтын явцад бид монгол хоол хүнс маш тэжээллэг болохыг мэдэж авсан. Өгөөжтэй сайхан сургалт зохион байгуулсан ОХГ-таа маш их баярлалаа.

Оюутны 3-р байрны суралцагч Чинхүслэн:

Энэ сургалтаар олон нэр төрлийн идэж болох хүнснээс өөрт хэрэгтэй эрүүл хүнсний тухай мэдээллийг олж авлаа. Ялангуяа өглөөний цайг ямар хялбар аргаар өөрт тохирсон илчлэгтэйгээр бэлдэж болох тухай мэдэж авсан юм.

Цаашид энэ сургалтаар олж авсан мэдлэгээ амьдралынхаа хэвшил болгоно. Сонирхолтой өгөөжтэй сургалт хийсэн явдалд маш их талархаж байна гэжээ.

 

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар