МУИС Ази, Номхон Далайн Сансрын Хамтын Ажиллагааны Олон Улсын Байгууллага (APSCO)-тай 2026 оны 3 дугаар сарын 24-ний өдөр санамж бичиг байгууллаа.

APSCO байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Др. Жян Ху тэргүүтэй төлөөлөгчид санамж бичиг байгуулан цаашид хэрхэн хамтран ажиллах талаар МУИС-ийн удирдлагатай дэлгэрэнгүй мэдээлэл солилцлоо.


Уулзалтад APSCO байгууллагын ерөнхий захирал Др. Татияа Чуентрагун, Ерөнхий гүйцэтгэх захирал Ц.Гантөгс, төслийн менежер Жуанг Жи нараас гадна Хятадын ШУА-ийн харьяа Үндэсний одон орон судлалын хүрээлэнгийн ахлах мэргэжилтэн Др. Лю Жинг, GalaxySpace, China Satellite Network Group ХХК болон Emposat ХХК-ийн төлөөлөгчид оролцож хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, сансрын тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг компаниудтай хэрхэн хамтран ажиллах талаар болон хамтарсан хурал болон богино хугацааны сургалт явуулах боломжийн талаар санал солилцов.


Хатагтай Др. Жян Ху хоёр байгууллага хоорондын хамтын ажиллагаа албажиж буйд талархсанаа илэрхийлээд APSCO байгууллагын гишүүн орнуудын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх хөгжүүлэх, мэдлэг мэдээлэл солилцох, хамтарсан төсөл хөтөлбөрт хамтран оролцох зэрэг идэвхтэй үйл ажиллагааг өрнүүлэх нь чухал ач холбогдолтой болохыг онцоллоо.
Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд талууд дараах чиглэлүүдээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Үүнд:
- Харилцан сонирхол нийцсэн салбаруудад хамтарсан судалгааны төслүүд хэрэгжүүлэх;
- Багш, судлаач болон оюутан солилцоог хөгжүүлэх;
- Харилцан урилгаар багш, судлаач, оюутнуудыг оролцуулан эрдэм шинжилгээний туршлага солилцох;
- Эрдэм шинжилгээний бага хурал, симпозиум, семинар болон ижил төрлийн арга хэмжээг хамтран зохион байгуулах;
- Аль нэг талын зохион байгуулж буй сургалтын хөтөлбөр, зуны сургууль болон эрдэм шинжилгээний уулзалтад харилцан оролцох;
- Санхүүгийн боломжийн хүрээнд харьяа тэнхим, нэгжүүдийн хамтын ажиллагааг дэмжих, мөн эрдэм шинжилгээний хэвлэл, мэдээлэл солилцох;
- Ази-Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага (APSCO)-оос гишүүн орнуудад сансрын технологийн тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх;
- “Сансрын их сургууль” эвслийг хамтран хэрэгжүүлэх.

Уулзалтад МУИС-ийн зүгээс Ректор Б.Очирхуяг, Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Ц.Баатарчулуун, ШУС-ийн Байгалийн ухааны салбар хариуцсан дэд захирал Г.Мөнхбаяр, Газарзүйн тэнхимийн эрхлэгч Г.Бямбахүү, Физикийн тэнхимийн дэд профессор Т.Төртогтох болон Хамтын ажиллагааны газрын дарга Ш.Мэндбаяр нар байлцлаа.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

