Хайж байна...

Кюүшүгийн их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Share Button

Монгол Улсын Их Сургууль болон Кюүшүгийн Их Сургууль хооронд “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулав. Санамж бичигт гарын үсэг зурах ёслол Япон улсын Фүкүока хотод байрлах Кюүшүгийн их сургуулийн кампуст зохион байгуулагдсан бөгөөд хоёр их сургуулийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан чухал үйл явдал боллоо.

Тус арга хэмжээнд МУИС-ийн Ректор, профессор Б.Очирхуяг, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, профессор Б.Амарсанаа, Хууль зүйн сургуулийн ахлах багш, доктор С.Батбаяр нар оролцсон бол Кюүшүгийн их сургуулиас Ерөнхийлөгч, профессор Ишибаши Тацүро, дэд ерөнхийлөгч Ивата Кэнжи, дэд ерөнхийлөгч, профессор Шимизү Шюү, Хууль зүйн сургуулийн захирал, профессор Токумото Минору болон албаны бусад төлөөлөгчид оролцов.

Энэхүү санамж бичгийн хүрээнд хоёр их сургууль хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны төсөл хэрэгжүүлэх, багш, судлаач болон оюутны солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, олон улсын академик хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдэж байна. Энэ нь Монгол, Япон улсын боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Кюүшүгийн их сургууль нь 1911 онд байгуулагдсан, бөгөөд Фүкүока хотод байрладаг. Тус сургууль нь 19,000 гаруй оюутан, 8,000 орчим багш, судлаач, ажилтантай Япон улсын тэргүүлэх үндэсний их сургуулиудын нэг юм. Шинжлэх ухаан, инженерчлэл, анагаах ухаан, хууль зүй зэрэг олон салбарт дэлхийн түвшний судалгаа, сургалтын үйл ажиллагаа явуулж байна.

Ийнхүү Монгол Улсын Их Сургууль болон Кюүшүгийн Их Сургуулийн хооронд байгуулсан энэхүү санамж бичиг нь хоёр улсын боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, олон улсын түвшний судалгаа, сургалтын шинэ боломжийг нээж буй чухал үйл явдал боллоо.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар