Дээрхийн Гэгээнтэн XIV Далай ламын эмч, Төвдийн Буддын шашны лам, Доктор Барри Керзин МУИС-ийн багш, ажилтан, суралцагчдад зориулан “The Art and Science of Compassionate Care” буюу Зүрх сэтгэлээсээ энэрэн тэтгэх урлаг, шинжлэх ухаан сэдвээр лекц орлоо.



Доктор Барри Керзин нь Төвдийн Буддын шашны лам бөгөөд Дээрхийн Гэгээнтэн XIV Далай ламын эмч нарын нэг юм. Тэрээр сүүлийн 37 жилийн хугацаанд Энэтхэгийн Дарамсалад амьдарч, Далай ламын дэргэд ажиллаж байна. Мөн энэ хугацаанд тэрээр ядуу иргэдэд үнэ төлбөргүй эмнэлгийн үйлчилгээ үзүүлж ирсэн бөгөөд хувийн ашиг сонирхолгүйгээр хүмүүнлэгийн үйлсэд өөрийгөө зориулсан нэгэн.
Доктор Керзин нь Altruism in Medicine Institute (AIMI) байгууллагын үүсгэн байгуулагч бөгөөд энэхүү байгууллага нь сүүлийн 12 жилийн турш энэрэнгүй сэтгэл, ёс зүйт манлайллыг дэлхий даяар түгээн дэлгэрүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Тэрээр Питтсбургийн их сургуульд сэтгэцийн эмгэг судлалын adjunct профессор, Хонг Конгийн их сургуульд анагаах ухаан болон Буддын судлалын хүндэт профессор, Монгол Улсын Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуульд хүндэт профессор, мөн Вашингтоны их сургуулийн Анагаахын сургууль болон Энэтхэгийн Варнаси хот дахь Central University for Higher Tibetan Studies их сургуульд emeritus профессорын зэрэгтэй. Доктор Керзин нь шинжлэх ухаан, анагаах ухаан, сүнслэг ухаан-ыг холбох чиглэлээр ажилладаг юм.

Доктор Керзин 2003 онд Далай ламын гараар бүрэн сахил хүртсэн Буддын лам (Bhikkhu) болсон бөгөөд олон жилийн турш бясалгал, сэтгэлийн боловсрол, энэрэнгүй сэтгэлийн хөгжлийн талаар судалж, зааж ирсэн.
Түүний тархины судалгааг Princeton University болон University of Wisconsin–Madison их сургуулиудад хийсэн бөгөөд урт хугацааны бясалгал хийдэг 12 хүний бүлгийн дунд тархины урд хэсгийн гүйцэтгэх үйл ажиллагаа хариуцсан бүс илүү том, илүү идэвхтэй, мөн тархины олон хэсэгт гамма долгионы хүчтэй идэвхжил илэрснийг тогтоосон байна.

Тэрээр “No Fear No Death: Power of Compassion”, “Nagarjuna’s Wisdom” зэрэг номын зохиогч бөгөөд технологи, шинжлэх ухаан, сүнслэг ухаан огтлолцох орчинд хүн төрөлхтний ирээдүйд эерэг нөлөө үзүүлэх чиглэлээр ажиллаж байна.

