МУИС болон БНСУ-ын Чонбук Үндэсний Их Сургуулийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2025–2026 оны хичээлийн жилийн хаврын улиралд МУИС-иас бакалаврын түвшний 26 оюутан Чонбук үндэсний их сургуульд 1–2 улирал оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахаар БНСУ-ыг зорилоо.

Оюутнуудын суралцах орчин, дасан зохицох үйл явцтай танилцах, мөн хоёр сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор МУИС-ийн Оюутны хөгжлийн газрын Оюутан солилцоо хариуцсан мэргэжилтэн Г.Навчаа Чонбук Үндэсний Их Сургуулийн Гадаад харилцааны албатай уулзаж, оюутан солилцооны хөтөлбөрийн хэрэгжилт, цаашдын боломжийн талаар санал, мэдээлэл солилцлоо.

Уулзалтын үеэр МУИС-ийн оюутнуудын сургалтын явц, цаашид оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах оюутны тоог нэмэгдүүлэх боломжийн талаар харилцан санал солилцов. Энэхүү хамтын ажиллагаа нь хоёр сургуулийн түншлэлийг бэхжүүлэхийн зэрэгцээ оюутнуудад олон улсын түвшинд суралцах боломжийг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

