Хайж байна...

БНСУ-ын Хансон Их Сургуультай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчиллээ

Share Button

2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Их Сургууль болон БНСУ-ын Хансон Их Сургуулийн хооронд хамтын ажиллагааны санамж бичиг шинэчлэн байгуулах ёслолын арга хэмжээ МУИС-ийн төв байранд зохион байгуулагдлаа.

Арга хэмжээний хүрээнд хоёр их сургуулийн удирдлагын түвшний албан ёсны уулзалт зохион байгуулагдаж, боловсрол, судалгаа, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцон, цаашдын хамтын ажиллагааны  чиглэлүүдийг тодорхойлов. Түүнчлэн талууд хамтын ажиллагааг бүх боломжит салбарт өргөжүүлж, хамтарсан сургалтын хөтөлбөр, судалгааны төсөл хэрэгжүүлэх, багш, оюутны солилцоог эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар харилцан тохиролцов.

МУИС болон Хансон Их Сургуулийн хамтын ажиллагаа нь 2015 оноос эхлэлтэй бөгөөд KOICA-ийн дэмжлэгтэйгээр төрийн удирдлагын чиглэлээр чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжүүлж, 2016 онд оюутан, багш солилцоо, хамтарсан судалгааг хамарсан санамж бичиг байгуулж байсан түүхтэй.

Шинэчлэн байгуулсан санамж бичгийн хүрээнд талууд оюутан, багш, ажилтны солилцоог хөгжүүлэх, бакалавр болон магистрын түвшний хамтарсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээ, хэвлэн нийтлэлийг дэмжих, олон улсын хурал, академик арга хэмжээг хамтран зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Түүнчлэн хамтын ажиллагаанд төрийн удирдлагын чиглэлд тэргүүлэх ач холбогдол өгч, 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Ёслолын үеэр ректор, профессор Б.Очирхуяг болон Хансон Их Сургуулийн захирал, доктор И Чангвон нар санамж бичигт гарын үсэг зурж, хамтын ажиллагааг албан ёсоор баталгаажуулав.

Энэхүү санамж бичиг нь хоёр их сургуулийн урт хугацааны түншлэлийг бэхжүүлэх, МУИС-ийн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа төрийн удирдлагын чиглэлд хамтарсан сургалт, судалгааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар