Монгол Улсын Их Сургуулийн Сургалт, хөтөлбөр чанарын баталгаажуулалтын газраас (СХЧБГ) “Зэргийн бус сургалтын журмын танилцуулга, мэдээлэл өгөх, санал солилцох” уулзалт (2026.4.30)-ыг зохион байгууллаа. Энэхүү уулзалтад МУИС-тай хамтран ажиллах сонирхолтой хувь хүн, албан байгууллагын төлөөлөл, багш, тэнхимийн эрхлэгч нар оролцож, шинээр нэвтэрч буй сургалтын тогтолцоог сонирхон, харилцан мэдээлэл солилцсон үр дүнтэй уулзалт болсоныг оролцогчдын зүгээс тэмдэглэсэн.





Олон улсын чиг хандлага ба МУИС-ийн журмын онцлог
Дэлхийн тэргүүлэх их сургуулиуд богино хугацааны, өгөөж өндөртэй “Зэргийн бус сургалт” (Micro-credentials)-ыг түшиглэн насан туршийн боловсролын тогтолцоог бүрдүүлэх болсон. МУИС нь улсдаа тэргүүлэгч их сургуулийн хувьд энэхүү жишгийг нэвтрүүлэхээр Ректорын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, Европын холбооны болон олон улсын шилдэг туршлага, дүрэм журмыг нарийвчлан судалж, өөрийн орны онцлогийг шингээсэн шинэ журмыг боловсруулан батлуулаад удаагүй байна.
МУИС-ийн “Зэргийн бус сургалт”-ын давуу тал ба шинэлэг талууд:
Энэхүү сургалт нь зах зээл дээрх бусад түр сургалтуудаас чанар, баталгаажуулалтын хувьд зарчмын өөр түвшинд байх бөгөөд дараах онцлогтой. Үүнд:
- Албан ёсны баталгаажуулалт: МУИС-ийн Ректор баталгаажуулж, үнэт цаасан дээр хэвлэгдэн олгогдоно;
- Цахим сан ба хяналт: Сургалтын мэдээлэл нэгдсэн санд байрших бөгөөд ажил олгогчид сертификатын үнэн зөв байдлыг дахин давтагдахгүй дугаараар шалгах боломжтой;
- Уян хатан байдал: Судалсан багц цагийг (кредит) цаашид үндсэн зэргийн сургалтад дүйцүүлэн тооцуулах боломжтой;
- Европын системийн давуу талуудыг шингээсэн;
- Захиалгат сургалт: Байгууллага, хамт олны хэрэгцээнд тулгуурласан тусгай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжтой.




Уулзалтын үеэр зэргийн бус сургалтын бодлого, хэрэгжилтийн талаар тавигдсан илтгэл, танилцуулгыг тус уулзалтад ирж амжаагүй хамт олондоо хүргэх, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор илтгэл, танилцуулга бүрийг видео бичлэгээр орууллаа. Үүнд:
- Журмын танилцуулга: МУИС-ийн СХЧБГ-ын дарга С.Булгантамир шинэ журмын үзэл баримтлал, хэрэгжих механизмыг танилцуулав. Дэлгэрэнгүй эндээс үзнэ үү https://youtu.be/X8E6LEipJbA
- Европын холбооны улс орнуудын ЗБС-ын туршлага: Проф. О.Алтансүх хуваалцлаа. Дэлгэрэнгүй эндээс үзнэ үү https://youtu.be/OE92qI025B4
- Эстони улсын их сургуулийн Зэргийн бус сургалтын онцлог, хөгжлийн талаар Эстони улсын Хөдөө аж ахуйн сургуулийн Проф. Anton Shkaruba туршлага хуваалцлаа. Дэлгэрэнгүй эндээс үзнэ үү https://youtu.be/wAAcfvgGfLo
- МУИС-д хэрэгжсэн Зэргийн бус сургалтын сайн туршлага: ИТС-ийн дэд проф. А.Дэлгэржаргал Зэргийн бус сургалтын бодит үр дүн, сайн туршлагаас танилцуулав. Дэлгэрэнгүй эндээс үзнэ үү https://youtu.be/_FjRsYTGP8A
Ирээдүйн хүлээлт ба үр дүн
Энэхүү шинэ тогтолцоо бий болсноор их сургууль болон багш, ажилтнуудын орлогын эх үүсвэр нэмэгдэхээс гадна салбар, тэнхимүүд хамтран зэргийн бус хөтөлбөр хэрэгжүүлэх, чанарын баталгаажуулалтыг шинэ шатанд гаргах түншлэлийн суурь тавигдаж байна. Оролцогчдын зүгээс гарсан бодит саналуудыг нэгтгэн, сургалтын агуулгыг баяжуулах, чанарыг сайжруулахад тусгахаар боллоо.

МУИС нь СХЧБГ-аараа дамжуулан Зэргийн бус сургалтын чиглэлээр хамтран ажиллах аливаа санал, санаачлагыг дэмжих зарчмыг баримтлан ажиллаж байна.
Холбогдох хаяг: Enkhjargal@num.edu.mn
Сургалт, хөтөлбөр чанарын баталгаажуулалтын газар

