Монгол Улсын Их Сургууль гадаад, дотоодын оюутнуудын хамтын оролцоог нэмэгдүүлэх, харилцан хүндлэл, олон үндэстний соёлын солилцоог дэмжих зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Олон улсын соёлын өдөрлөг” 2026 оны 05 дугаар сарын 01-нд Багш, оюутны хөгжлийн төвийн 502 тоот танхимд амжилттай болж өндөрлөв.
Тус арга хэмжээг Оюутны хөгжлийн газар, Оюутны холбоотой хамтран зохион байгуулсан бөгөөд “Орон орны туг”-ийн парадаар өдөрлөгийн үйл ажиллагаа эхэлсэн юм.
Энэ удаагийн өдөрлөгт Япон, ОХУ, БНХАУ, БНСУ, БНАЛАУ, БНТУ, БНУУ, БНСВУ, БНКУ, Беларус, Монгол зэрэг 10 гаруй орны 80 гаруй гадаад оюутан оролцож, өөрийн орны соёл, урлагийн үзүүлбэрүүдийг толилуулан, олон үндэсний хоол хүнсээр зочдыг дайлж, уламжлалт тоглоом наадгай, ёс уламжлалыг танилцууллаа.
Энэхүү үйл ажиллагааны үеэр “Шилдэг баг” шалгаруулж, орон орны ширээтэй танилцах сугалаатай “Пасспорт” үйл ажиллагаа зохион байгуулсан нь оролцогч нарт сонирхолтой шинэлэг байв.
Тус арга хэмжээнд МУИС-ийн Оюутны холбоо, Оюутны зөвлөл, “Хос уянга” монгол бичиг, соёлын нэгдэл, “Хөгүлүн”, “Артэмисиа Арт” зэрэг клубүүд хамтран оролцож, өдөрлөгийн үйл ажиллагааг дэмжсэн юм.
Олон улсын соёлын өдөрлөг нь гадаад оюутнуудын хооронд нөхөрлөл, ойлголцлыг нэмэгдүүлж, харилцан хүндэтгэлтэй хандлагыг төлөвшүүлэх, олон үндэстний соёлыг нэгэн дор танилцуулах үнэт боломжийг бүрдүүлсэн чухал арга хэмжээ боллоо.

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР















