Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусаны Үндэсний Их Сургуулийн профессор Жи-Жэ Жүү (Gea-Jae Joo)-гийн Монгол орны ус намгархаг газар, усны шувуудын судалгаа, хамгааллын ажилд гаргасан амжилт, зүтгэлийг үнэлж байгаль орчны тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнав.
БНСУ-ын иргэн, Пусаны Үндэнсий Их Сургуулийн багш Жи-Жэ Жүү нь 1990 оноос тасралтгүй тус их сургуульд ажиллаж, 28 магистр, 37 докторын ажлыг удирдаж, 270 бүтээлийг хэвлүүлсэн уг их сургуулийн нэр хүндтэй профессоруудын нэг юм.

Профессор Жүү нь МУИС, Монголын шувуу судлалын нийгэмлэгтэй хамтран Монгол орны ус намгархаг газар, усны шувуудын чиглэлээр сүүлийн 10 жил тасралтгүй ажиллаж, МУИС-ийн оюутан, багш, нийгэмлэгийн судлаачдын мэргэжлийг дээшлүүлэх, олон улсын сургалт, хамтарсан судалгаа, хамгааллын ажлыг тасралтгүй өрнүүлж ирлээ. Ялангуяа “Монгол орны усны шувуудын нүүдлийн судалгаа”, “Монгол орны усны шувууд, ус намгархаг газрын судалгаа”, “Монгол орны Рамсарт бүртгэлтэй ус, намгархаг газрын мэдээллийн сан, түүний хөгжүүлэлт” зэрэг төсөл, хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх ажлыг амжилттай гүйцэтгэж ирсэн санаачилга, хичээл зүтгэлийг үнэлж, цаашид хамтран гүйцэтгэх ажилд нь урам өгч, Байгаль орчны тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнасныг БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр гардуулав.

Тэрээр МУИС-ийн ШУС-ийн захирал, профессор Б.Болд-Эрдэнэтэй уулзаж, цаашид хамтран гүйцэтгэх ус, намгархаг газар, усны шувууд, нөмрөг тас, загасны ангилал зүйн судалгааны чиглэлийн талаар, ахисан түвшний оюутнуудын хамтарсан судалгааг эхлүүлэх, мөн тусгай хамгаалалттай газар нутгийн чиглэлээр санал солилцов.
Профессор Жи-Жэ Жүү танд эрүүл энхийг хүсэж, Монгол орны байгаль орчны судалгаа, хамгааллын хамтарсан ажилд нь амжилт ерөөе.

