Хайж байна...

МУИС болон IACC (International Association of Career Coaches) хамтран шинэхэн төгсөгчдөдөө зориулсан “Карьер коүч” аяныг амжилттай зохион байгууллаа

Share Button

МУИС-ийн Карьер үйлчилгээ нь IACC-International Association of Career Coaches-тай хамтран төгсөх түвшний суралцагчдыг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх, карьер төлөвлөлтөд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “Карьер коүч” 7 хоногийн аяныг амжилттай зохион байгууллаа.

Аяны хүрээнд суралцагчид мэргэжлийн карьер зөвлөхүүдтэй ганцаарчилсан уулзалт хийж, ажлын анхны гараагаа хэрхэн зөв эхлүүлэх, өөрийн сонирхол, ур чадвар, үнэт зүйл болон зорилгодоо нийцүүлж карьерын чиглэлээ хэрхэн тодорхойлох, цаашдын хөгжлийн төлөвлөгөөгөө боловсруулах талаар зөвлөгөө, мэдээлэл авав.

Мөн мэргэжлийн карьер зөвлөхүүд хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, ажил олгогчдын хүлээлт, ирээдүйн ур чадварын хэрэгцээ, мэргэжлийн хөрвөх боломжуудын талаар бодит туршлага, практик зөвлөмжөө хуваалцсан нь суралцагчдыг ирээдүйн карьерын шийдвэрээ илүү мэдээлэлтэй, зорилготой гаргахад чухал хувь нэмэр оруулсан юм.

Энэхүү аяныг нийгмийн хариуцлагын хүрээнд амжилттай хамтран хэрэгжүүлсэн IACC – International Association of Career Coaches-ийн хамт олон болон Зориг сан, Лоринет сангийн дэмжлэгтэй хэрэгжиж буй “Залуусын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” (SEYP)-ийн хамт олонд МУИС-ийн Карьер үйлчилгээний зүгээс гүн талархал илэрхийлье.

Тус аянд идэвхтэй оролцсон нийт суралцагчдадаа талархал илэрхийлж, цаашдын сурлага, хөдөлмөр, карьерын хөгжилд нь өндөр амжилт хүсье.

МУИС-ийн Карьер үйлчилгээ нь оюутан, суралцагчдыг хөдөлмөрийн зах зээлд амжилттай шилжихэд дэмжлэг үзүүлэх, карьерын зөвлөгөө өгөх, ажлын байрны мэдээллээр хангах, хувь хүний болон мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх, ажил олгогч байгууллагуудтай холбох гүүр болж ажилладаг билээ. Цаашид ч суралцагч болон төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажил олгогч байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр төр, хувийн хэвшил, олон улсын болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахад нээлттэй байх болно.

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар