Хайж байна...

МУИС болон ХБНГУ-ын Холбооны хөдөлмөрийн агентлагийн их сургууль (HdBA) хамтран “Ажил мэргэжил судлалын докторын хөтөлбөр боловсруулах” төсөл хэрэгжүүлж байна

Share Button

МУИС нь Ажил мэргэжил судлалын салбарт олон улсын эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагаагаа бэхжүүлсээр байна. МУИС-ийн Ажил мэргэжил судлалын хөтөлбөрийн баг ХБНГУ-ын Холбооны хөдөлмөрийн агентлагийн их сургууль (HdBA)-тай хамтран “Ажил мэргэжил судлалын докторын хөтөлбөр” боловсруулах үндэслэл, стратегийг тодорхойлохоор судалгааны ажлууд хийж байна.

2018 оноос хойш хоёр их сургуулийн хооронд олон жилийн турш амжилттай хэрэгжиж ирсэн хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлж буй энэхүү төсөл нь Ажил мэргэжил судлалын салбарын судалгааг өргөжүүлэхийн зэрэгцээ Монгол улс болон ХБНГУ хоорондын эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэдлэг туршлагын солилцоог дэмжих зорилготой.

Энэхүү төсөл нь Монгол улсад Ажил мэргэжил судлалын салбарын хамтарсан судалгааны стратегийг боловсруулахад чиглэж байна. Баримт бичгийн, чанарын, тоон судалгааны үр дүнгүүдээс ажил мэргэжил судлалын салбарт оролцогч талуудад тулгамдаад байгаа асуудлууд, тус салбарын судалгааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлох юм. Тухайлбал Ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх үйл ажиллагааны мэргэжлийн түвшнийг сайжруулах, олон улсын болон дотоодын хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөний онцлогийг харгалзах, зөвлөгөө өгөх үйлчилгээнд хиймэл оюун ухааныг ашиглах, мөн хувь хүн болон нийгмийн хөгжилд өсөн нэмэгдэж буй насан туршийн ажил мэргэжлийн чиг баримжаа олгохын ач холбогдлыг нийтэд түгээн дэлгэрүүлэх зэрэг асуудлууд багтана. Судалгааны үр дүн нь хамтарсан докторын хөтөлбөрийг боловсруулах үндэс суурийг бүрдүүлэх юм.

Төслийн нэг гол зорилго нь Erasmus+ хөтөлбөрийн “Чадавх бэхжүүлэх (Capacity Building)” хүрээнд хамтарсан төслийн санал боловсруулах явдал бөгөөд ингэснээр МУИС болон HdBA-ийн хамтарсан удирдлагын санаачлага, олон улсын бусад түнш байгууллагуудын оролцоотойгоор Ажил мэргэжил судлалын салбарын судалгаа, сургалт, олон улсын академик солилцоог нэмэгдүүлж, Ажил мэргэжил судлалын докторын хөтөлбөрийг МУИС-д тогтвортой хэрэгжүүлэхийг зорьж байна.

Өмнөх хамтын ажиллагааны хүрээнд “Ажил мэргэжил судлал” магистрын хөтөлбөрийг хамтран боловсруулж; судалгааны бүтээлүүд нийтлүүлж;  эрдэм шинжилгээний хамтарсан төслүүд, оюутан, багш нарын академик солилцооны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ олон улсын эрдэм шинжилгээний хурал, сургалт, семинаруудыг амжилттай зохион байгуулж ирсэн билээ. Шинээр хэрэгжиж буй энэхүү санаачилга нь хоёр их сургуулийн түншлэлийг улам гүнзгийрүүлж, олон улсын хамтарсан судалгаа, докторын түвшний сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний чадавхыг бэхжүүлэх шинэ боломжуудыг бүрдүүлж байна.

Төслөөс хүлээгдэж буй үр дүнд Ажил мэргэжил судлалын докторын хөтөлбөрийн үзэл баримтлалыг боловсруулах; Erasmus+ хөтөлбөрийн хамтарсан төслийн санал бэлтгэх; эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлэх; олон улсын хурал, хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг ажил багтах болно. Үүний зэрэгцээ төсөл нь хоёр түнш их сургуулийн олон улсын түвшинд танигдах байдал, нэр хүндийг нэмэгдүүлж, дэлхийн хэмжээний судалгааны сүлжээг нь өргөжүүлэхэд хувь нэмэр оруулна. Мөн Ажил мэргэжил судлалын салбарт судалгаа, инноваци, мэдлэг дамжуулах үйл ажиллагааг эрчимжүүлж, цаашдын хөгжлийн шинэ боломж, түлхэц бий болгохоор зорьж байгаа юм.

МУИС-ИЙН АМС-ЫН ХӨТӨЛБӨР БОЛОН ХБНГУ-ЫН ХОЛБООНЫ ХӨДӨЛМӨРИЙН АГЕНТЛАГИЙН ИХ СУРГУУЛЬ (HDBA)-ИЙН ХАМТАРСАН ТӨСЛИЙН БАГ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар