Монгол Улсын Их Сургууль Италийн Перужагийн Гадаадын оюутнуудын Их Сургууль (Università per Stranieri di Perugia)-ийн хооронд хамтын ажиллагааны санамж бичигт (MoU) гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ боллоо.

Арга хэмжээний нээлтийн үгийг МУИС-ийн Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор, профессор Ц.Баатарчулуун хэлж, хоёр их сургуулийн төлөөлөгчид цаашдын хамтын ажиллагааны боломжит чиглэлүүдийн талаар санал солилцов. Уулзалтын үеэр Итали хэл, соёлын чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллах, Итали хэлний багш нарыг бэлтгэх, оюутнуудад нэг сарын Итали хэлний курст суралцах, багш нарт зориулсан хоёр долоо хоногийн эрчимжүүлсэн сургалтад хамрагдах тэтгэлэг олгох, бакалавр болон магистрын зэрэгт суралцах тэтгэлэг олгох, түүнчлэн эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагааны боломжит чиглэлүүдийн талаар ярилцлаа.


Санамж бичигт МУИС-ийн нэрийн өмнөөс ректор Б.Очирхуяг, Перужагийн Гадаадын оюутнуудын Их Сургуулийн нэрийн өмнөөс Ректор, орчин үеийн түүхийн профессор Валерио Де Чезарис нар гарын үсэг зурав.
Уг санамж бичгээр хоёр их сургууль эрдэм шинжилгээний хамтарсан төсөл хэрэгжүүлэх, багш, оюутны солилцоо хийх, эрдэмтэн судлаачдын туршлага солилцох, хурал зөвлөгөөн, семинар хамтран зохион байгуулах, сургалт, зуны сургууль зэрэгт харилцан оролцох, тус тусын бүрэлдэхүүн сургууль, тэнхимийн хооронд хамтран ажиллах, эрдэм шинжилгээний мэдээ, мэдээлэл солилцох зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Санамж бичиг гарын үсэг зурснаас хойш 5 жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд талуудын харилцан тохиролцсоны үндсэн дээр сунгагдах нөхцөлтэй ажээ.


Италийн Перужагийн Гадаадын оюутнуудын Их Сургууль нь Итали хэл, соёл, олон улсын харилцаа, хүмүүнлэгийн болон нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр бакалавр, магистрын зэрэг олгодог, дэлхийн 130 гаруй улсаас оюутан суралцдаг, Erasmus+ хөтөлбөрийн хүрээнд идэвхтэй хамтын ажиллагаатай их сургууль юм.
Оролцсон төлөөлөгчид:
МУИС талаас:
- Профессор Ц.Баатарчулуун — Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор
- Профессор Б.Болд-Эрдэнэ — Шинжлэх ухааны сургуулийн захирал
- Профессор Г.Элдэв-Очир — Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын дэд захирал
- Ш.Мэндбаяр — Хамтын ажиллагааны газрын дарга
- Г.Бат-Учрал — Европ судлалын тэнхимийн ахлах багш
Перужагийн Гадаадын оюутнуудын Их Сургуулийн талаас:
- Профессор Валерио Де Чезарис — Ректор, Орчин үеийн түүхийн профессор
- Профессор Джованна Скокоцца — Ректорын Олон улсын харилцааны төлөөлөгч, Итали хэлний тестийн төвийн захирал
- Профессор Стефания Скалионе — Ректорын Боловсролын төлөөлөгч, Социолингвистикийн дэд профессор
- Доктор Валентина Сери —Гадаад харилцааны албаны дарга
- Доктор Соня Жулиарелли — Хэвлэлийн ажилтан

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

