МУИС-ийн Ус, цаг уур, цэвдэг судлалын лаборатори болон Цаг уур, ус судлалын тэнхим хамтран зохион байгуулсан нээлттэй лекц амжилттай боллоо. Тус нээлттэй лекцэд Сөүл Үндэсний Их Сургуулийн Climate Prediction Research Center-ийн судалгааны профессор, доктор Жэмён Манго Со (Jaemyeong Mango Seo) хүрэлцэн ирж, “Development of a Korean Wildland Fire Prediction System Using a Physics-Based Coupled Fire-Atmosphere Model” сэдвээр илтгэл тавилаа.
Ой хээрийн түймрийн тархалт, эрчимжилтэд уулархаг, бартаат газар нутаг, богино хугацаанд өөрчлөгдөх цаг агаарын нөхцөл болон ойн ургамлын бүрхэвч, түлшний тархалт зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг. Иймээс түймрийн зан төлөвийг зөвхөн уламжлалт эмпирик аргачлалаар тооцоолохоос гадна гал–агаар мандал–газар нутгийн харилцан үйлчлэлийг физикийн үндэслэлтэйгээр загварчлах шаардлагатай байдаг талаар илтгэлд онцлов.


Лекцийн үеэр өндөр нарийвчлалтай физикт суурилсан загварчлалын тусламжтайгаар салхины хурд, чиглэл, газрын налуу, ургамлын бүрхэвч зэрэг хүчин зүйлс ой хээрийн түймрийн тархалт, эрчимд хэрхэн нөлөөлж байгааг тооцоолох боломжийн талаар танилцуулсан юм. Эдгээр судалгааны үр дүн нь Солонгосын ойн экосистемийн онцлогт тохирсон мэдээлэл болон физикт суурилсан загварчлалыг хослуулсан ой хээрийн түймрийн таамаглалын системийг хөгжүүлэх суурь болж байгаа талаар профессор Jaemyeong Mango Seo танилцууллаа.
Монгол Улсад хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов
Нээлттэй лекцэд Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ), Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн (УЦУОСМХ), Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ), Дотоод хэргийн их сургууль (ДХИС)-ийн мэргэжилтнүүд, судлаачид болон МУИС-ийн багш, оюутнууд оролцлоо.
Лекцийн дараа оролцогчдын дунд санал асуулга, нээлттэй хэлэлцүүлэг өрнөж, Монгол орны нөхцөлд ой хээрийн түймрийн эрсдэлийг урьдчилан тооцоолох, цаг агаарын мэдээлэл болон газар нутгийн онцлогийг түймрийн загварчлалтай уялдуулах, үндэсний хэмжээний мэдээллийн сан бүрдүүлэх зэрэг асуудлаар санал бодлоо солилцов.

Мөн физикт суурилсан гал–агаар мандлын хосолсон загварчлалыг Монгол Улсын уур амьсгал, газарзүйн онцлогт тохируулан хөгжүүлэх, судалгаа шинжилгээний байгууллагууд болон гамшгаас хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцсан юм.

Энэхүү нээлттэй лекц нь ой хээрийн түймрийн судалгаа, цаг уурын загварчлал, гамшгийн эрсдэлийн үнэлгээ, уур амьсгалын мэдээлэлд суурилсан урьдчилан сэргийлэх арга хэмжээний чиглэлээр судалгаа хийж буй багш, судлаач, оюутнуудад олон улсын туршлагаас суралцах, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцох боломж олгосноороо ач холбогдолтой байлаа.
Зохион байгуулагч:
МУИС, Цаг Уур, Ус Судлалын Тэнхим,
Ус, Цаг Уур, Цэвдэг Судлалын Лаборатори

