Хайж байна...

МУИС-ийн Газарзүйн салбар 70 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ

Share Button

Монгол Улсын Их Сургуулийн Газарзүйн Салбар үүсэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн баярын хурал 2026 оны 10 дугаар сарын 23-ны өдөр МУИС-ийн хичээлийн Төв байрны Дугуй зааланд ёслол төгөлдөр болж өнгөрлөө.

Баярын арга хэмжээнд Газарзүйн салбарын үе үеийн эрдэмтэн багш, ажилтан, төгсөгчид, оюутнууд, ахмад багш нар, хамтран ажиллагч байгууллагуудын төлөөлөл бүхий 200 гаруй зочид хүрэлцэн ирж, газарзүйн салбарын 70 жилийн түүхэн замнал, сургалт, судалгааны ололт амжилт, эрдмийн уламжлалаа хамтдаа эргэн дурсав. Ойн баярын хурлыг “Цагаан лавай” чуулгын уран бүтээлчид Монголын язгуур урлагийн тоглолтоор ёслол төгөлдөр эхлүүлж, хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд урлагийн мэндчилгээ дэвшүүлэв.

Баярын хурлыг МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Газарзүйн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Г.Бямбахүү нээж, үе үеийн эрдэмтэн багш, ажилтан, төгсөгчид, оюутнууддаа түүхт 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ.

МУИС-ийн Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор, доктор, профессор Д.Заяабаатар Газарзүйн салбарын үе үеийн багш, ажилтан, оюутан, төгсөгчдөд хувиасаа болон МУИС-ийн ректорын нэрийн өмнөөс чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлж, салбарын цаашдын хөгжилд өндөр амжилт хүсэн ерөөв.

Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор А.Дашцэрэн баярын мэндчилгээ дэвшүүлж, газарзүйн шинжлэх ухааны хөгжил, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааны ач холбогдлыг онцоллоо. Түүнчлэн Монголын Газарзүйн нийгэмлэгийн тэргүүн, Шинжлэх ухааны академийн Их сургуулийн ректор, шинжлэх ухааны доктор Д.Баттогтох баярын мэндчилгээгээ цахимаар хүргүүлэв.

Баярын хурлын нэгэн онцлох үйл явдал нь Газарзүйн салбарын хөгжил, газарзүйн боловсрол, шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг үнэлэн багш, төгсөгчдөд төрийн болон салбарын шагнал гардуулах ёслол байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Газарзүйн салбарын 1981 оны Газарзүйч, газарзүйн багш мэргэжлийн төгсөгч Х.Батсуурь төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнагдав.

Монгол Улсын Засгийн газрын шагнал “Боловсролын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Газарзүйн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Г.Бямбахүү, дэд профессор Б.Нямдаваа, О.Мэндбаяр, Э.Алтанболд, ахлах багш Б.Эрдэнэжаргал, багш Ц.Цэндсүрэн нарыг шагналаа. Мөн Боловсролын яамны “Жуух бичиг”-ээр дэд профессор Д.Дорлигжав, ахлах багш Ч.Заяа, Г.Ганпүрэв нарыг шагнаж, сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаанд оруулсан хувь нэмрийг нь үнэлэв.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур, орчны шинжилгээний газрын “Жуух бичиг”-ээр Газарзүйн тэнхимийн профессор В.Батцэнгэл, П.Мягмарцэрэн, дэд профессор Д.Даваадорж, Э.Алтанболд нарыг шагнав.

Шагнал гардуулах ёслолын дараа МУИС-ийн Газарзүйн салбарын үүсэл хөгжил, үе үеийн эрдэмтэн багш, судлаачдын хөдөлмөр бүтээл, сургалт, эрдэм шинжилгээний ололт амжилтыг харуулсан 70 жилийн ойн баримтат киног үзүүлэв. Энэхүү бүтээл нь салбарын эрдмийн уламжлал, түүхэн хөгжил, үе үеийн багш, төгсөгчдийн хувь нэмрийг эргэн дурссан онцлог үйл явдал байлаа.

Түүхт ойн хүрээнд хэвлүүлсэн “МУИС-ийн Газарзүйн салбар – 70 жил” номын нээлт, танилцуулга мөн боллоо. Тус бүтээлийг доктор, дэд профессор Э.Алтанболд эмхэтгэн хэвлүүлж, доктор, профессор В.Батцэнгэл, доктор, дэд профессор Д.Энхжаргал нар хянан тохиолдуулжээ. Энэхүү номд Газарзүйн салбарын 1956–2026 оны түүхэн хөгжил, сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа, хамтын ажиллагааны ололт амжилт, үе үеийн багш, судлаачид, төгсөгчдийн хувь нэмрийг нэгтгэн тусгасан бөгөөд салбарын 70 жилийн түүхийг баримтжуулан үлдээсэн үнэ цэнтэй бүтээл болсон юм.

Баярын хурлын нээлтийн үйл ажиллагааны төгсгөлд оролцогчид нэгдсэн дурсгалын зураг авхуулж, Газарзүйн салбарын 70 жилийн түүхэн замнал, эрдэм шинжилгээ, судалгааны ололт амжилтыг харуулсан үзэсгэлэнтэй танилцлаа. Үзэсгэлэнд салбарын үүсэл хөгжлийн түүхэн гэрэл зургууд, үе үеийн багш, судлаачдын бүтээл, сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа, судалгааны үр дүнг дэлгэн үзүүлэв.

Баярын хурлын хоёрдугаар хэсэг “Газарзүйн салбарын ололт амжилт” сэдэвт хуралдаанаар үргэлжилж, доктор, дэд профессор Б.Нямдаваа хуралдааныг чиглүүлэн явуулав. Хуралдаанд МУИС-ийн Газарзүйн тэнхимийн профессор, МУИС-ийн харьяа Хот, бүс нутгийн хөгжлийн судалгааны хүрээлэнгийн захирал В.Батцэнгэл Газарзүйн тэнхимийн 70 жилийн түүхэн хөгжил, доктор, дэд профессор Д.Даваадорж газарзүй, газарзүйн багшийн боловсрол болон зайнаас тандан судлалын чиглэлийн хөгжил, доктор, дэд профессор Д.Энхжаргал аялал жуулчлалын хөтөлбөрийн хөгжил, мөн доктор, профессор П.Мягмарцэрэн газрын харилцаа, хот төлөвлөлтийн чиглэлүүдээр салбарын сургалт, судалгааны ололт амжилтын талаар тус тус илтгэл хэлэлцүүлэв. Мөн доктор, дэд профессор Э.Алтанболд “Газарзүйн асуудлууд” эрдэм шинжилгээний сэтгүүлийн хөгжлийн тоймыг танилцууллаа.

Баярын хурлын төгсгөлд салбарын үе үеийн ахмад багш, төгсөгчид, хүндэт зочдын төлөөлөл мэндчилгээ дэвшүүлж, эрдмийн уламжлал, багш шавийн холбоо, үе үеийн төгсөгчдийн хамтын ажиллагааны үнэ цэнийг онцлон тэмдэглэлээ. Тухайлбал, “МонМэп” ХХК-ийн үүсгэн байгуулагч Доктор М.Саандарь, МУИС-ийн Газарзүй, газарзүйн багшийн ангийн 1966 оны төгсөгч, Газарзүй, цэвдэг судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахмад ажилтан, доктор, профессор О.Сүхбаатар, мөн 1979 оны төгсөгч, газарзүйн ухааны доктор, МУБИС-ийн Газарзүйн тэнхимийн профессор Е.Батчулуун, 1980–1982 онд тус салбарт суралцаж байсан газарзүйн ухааны доктор, Байгаль орчны гавьяат ажилтан, профессор Г.Нямдаваа баярын мэндчилгээ  дэвшүүлэн, өөрсдийн хэвлэн нийтлүүлсэн ном, сурах бичиг, зураг, атласын дээжээс газарзүйн тэнхимийн номын санд дурсгал болгон гардуулав. Мөн Газарзүй, газарзүйн багшийн ангийн 1980, 1981, 1989 оны төгсөгчдийн төлөөлөл чин сэтгэлийн баярын мэндчилгээтэй хамт мөнгөн болон дурсгалын зүйлсийг газарзүйн тэнхимийн хамт олонд гардуулж өгч, төрөлх салбарынхаа түүхт ойд хүндэтгэл үзүүллээ.

Ойн баярын хурлыг хааж Газарзүйн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Г.Бямбахүү түүхт ойг тэмдэглэхэд дэмжин ажилласан Монголын Газарзүйн Олимпиадын Хороо, МУИС-ийн Хот Бүс Нутгийн Хөгжлийн Судалгааны Хүрээлэн, “Ланд Овнер” ХХК, болон “Мон Газар Экологи” ХХК зэрэг байгууллагуудад талархлын бичиг дурсгал болгон гардуулж мөн баярын хурлыг хамтран зохион байгуулсан багш, ажилтан, оюутнууд болон хүрэлцэн ирсэн нийт зочид, төлөөлөгчдөд талархал илэрхийллээ.

Баярын хурлын өдрийн үдэш Галлериа Улаанбаатарын “Juulchin Ballroom” танхимд Газарзүйн салбарын түүхт 70 жилийн ойн хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулагдаж, үе үеийн эрдэмтэн багш, ажилтан, төгсөгчид нэгэн дор цуглан, оюутан ахуй цагийн дурсамжаа сэргээж, багш шавийн нандин холбоо, олон жилийн нөхөрлөлөө бататган, халуун дотно уур амьсгалд дурсамж дүүрэн нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүллээ.

МУИС-ийн дэргэд 1956 онд үүсэн байгуулагдсан Газарзүйн салбар нь өнгөрсөн 70 жилийн хугацаанд Монгол Улсын газарзүйн шинжлэх ухаан, дээд боловсролын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, газарзүй, газарзүйн багш, аялал жуулчлал, газрын менежмент, хот төлөвлөлтийн чиглэлээр олон үеийн мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн гаргасан юм. Түүхт 70 жилийн ойн баярын арга хэмжээ нь салбарынхаа эрдмийн уламжлал, үе үеийн багш, төгсөгчдийн бүтээлч хөдөлмөр, ололт амжилтыг хүндэтгэн дурсахын зэрэгцээ газарзүйн боловсрол, шинжлэх ухааны судалгааг цаашид хөгжүүлэх, үндэсний болон олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал үйл явдал боллоо.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар